
Дэлхийн өмнөд хэсгийн улс орнууд вакцинжуулалт удаашралтай байгаа тул КОВИД-19 ирэх онд ч гэсэн үргэлжилнэ гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдэгджээ. ДЭМБ-ын ахлах удирдагч, доктор Брюс Эйлвард “Ядуу буурай орнуудад вакцинжуулалт удаашралтай байгаа тул цар тахал ирэх онд ч гэсэн үргэлжлэхээр байна” гэжээ. “The People's Vaccine” буяны холбооноос мэдээлснээр Африкийн нийт хүн амын тав хүрэхгүй хувь нь вакцинд хамрагдсан бол Европын орнуудад вакцинжуулалт дунджаар 40 орчим хувьтай байгаа аж. Их Британид нийт хүн амын бараг 66 хувь нь вакцинд бүрэн хамрагдсан байна. Европын холбоонд энэ үзүүлэлт 62, АНУ-д 55 хувьтай байна. Гэвч дэлхийн 50 гаруй улсад хүн амынх нь ердөө 10 хувь нь л вакцинд хамрагджээ. Йемень, Сири, Афганистан, Мьянмар зэрэг дотооддоо мөргөлдөөнтэй улс орнуудад ДЭМБ КОВАКС хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй байгаа бол Гаити тэргүүтэй хэд хэдэн оронд байгалийн гамшгийн улмаас вакцинжуулалт зогссон байна. Брюс Эйлвард "Вакцинжуулалт удаашралтай байна. Тиймээс вакцинжуулалтыг богино хугацаанд эрчимжүүлэх хэрэгтэй байна. Энэ хэвээр удаашралтай байвал цар тахлын үргэлжлэх хугацаа нэг нэг жилээр уртассаар байх болно" гэжээ. Тэрбээр баян чинээлэг орнуудыг вакцины нөөц бүрдүүлэх гэж яарахгүй байхыг уриалаад ядуу буурай орнуудад боломж олгохыг хүсжээ. КОВАКС хөтөлбөрийн хүрээнд хоёр тэрбум тун вакцин нийлүүлэх ёстой байв. Гэсэн хэдий ч одоогоор ердөө 371 сая тунг дэлхийн улс орнуудад олгоод байна. Тухайн орны хөгжил дэвшил, орлогоос үл хамааран дэлхий даяар вакциныг тэгш хүртээмжтэйгээр хуваарилах зорилгоор “КОВАКС” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа юм. НҮБ-ын мэдэгдсэнээр, дэлхийн чинээлэг улс орнуудын хүн амын дунджаар 70 хувь нь вакцинжуулалтад хамрагдаад байгаа бол бага орлоготой улс орнуудад энэ үзүүлэлт ердөө нэг хувьтай байна. КОВАКС хөтөлбөр нь 2020 оноос өмнө янз бүрийн вакцин үйлдвэрлэгчдээс хоёр тэрбум вакцин худалдан авч, улс орнуудад тараахаар төлөвлөсөн бөгөөд үүний 1.8 тэрбумыг нь бага орлоготой 92 улсад нийлүүлэхийг зорьж байна. Түүнчлэн БНХАУ нь вакцины ханган нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлж буй бөгөөд тус улс одоогоор олон улсын хамтын нийгэмлэгт 480 сая гаруй тун КОВИД-19-ийн вакцин нийлүүлж, 100 орчим улс оронд вакцины тусламж үзүүлж, 50 гаруй оронд вакцин экспортлоод байгаа ажээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу