“Goldman Sachs” 2027 онд газрын тосны нийлүүлт эрэлтээсээ давна гэж үзэж байна

Хуваалцах:
“Goldman Sachs” 2027 онд газрын тосны нийлүүлт эрэлтээсээ давна гэж үзэж байна

“Bloomberg” агентлагийн мэдээлснээр, “Goldman Sachs” банкны таамаглалаар 2027 онд газрын тосны нийлүүлэлт нь эрэлтээсээ өдөрт хоёр сая баррелиар давж, үүний улмаас оны эцэс гэхэд “Brent” маркийн газрын тосны үнэ нэг баррель нь 78 ам.доллар болж буурах төлөвтэй байна. Тус банкны түүхий эдийн шинжээчдийн баг олон улсын жишиг үнэ болох “Brent” газрын тосны үнэ 2027 оны туршид дунджаар 88 ам.доллар байж, оны сүүлчээр 78 ам.доллар руу дөхнө гэж таамаглаж байна. “Goldman Sachs”-ийн үзэж буйгаар, Хятад улсад тээврийн түлшний эрэлт суларснаар тус улсын газрын тосны хэрэглээ 2027 онд өдөрт 400,000 баррелиар буурах төлөвтэй байгаа ч нийлүүлэлтийн шинэ тасалдал үүсэх эрсдэл хэвээр байна.

“Goldman Sachs”-ийн таамаглалаар, Иран дахь дайнаас үүдэлтэй хомсдол арилж, зах зээл хурдацтайгаар илүүдэл нийлүүлэлтийн нөхцөл рүү шилжих төлөвтэй байна. АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн агентлагийн (EIA) мэдээллээр, Brent газрын тосны спот үнэ дөрөвдүгээр сард нэг баррель нь 138.21 ам.долларт хүрч оргил үедээ хүрсэн бол 10 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 20-ны хооронд дунджаар 125 ам.доллар байжээ. Энэ сарын 16-ны байдлаар “Brent” газрын тосны ойрын хугацааны фьючерс үнэ 91.99 ам.доллар, WTI маркийн газрын тосны үнэ 85.18 ам.доллар болж тус тус буурсан байна. Ийм хэмжээний илүүдэл үүсэх нь Орос зэрэг олборлогч улсуудад хүндрэл учруулах юм.

“Goldman Sachs”-ийн мэдээлснээр, хөлөг онгоц хоорондын шилжүүлэг болон шинэ дамжуулах хоолойнуудын ачаар Ойрхи Дорнодын олборлолтын хэмжээ 2025 оны түвшнээс давах төлөвтэй байна. Тухайлбал, Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ) Фужайра руу чиглэсэн түүхий тос дамжуулах хоёр дахь хоолойг барьж байгаа бөгөөд энэ нь 2027 онд ашиглалтад орсноор Ормузын хоолойг дамжих шаардлагагүйгээр илүү их хэмжээний газрын тос тээвэрлэх боломжийг олгох аж.

“Vortexa” компанийн мэдээллээс харахад, 10 дугаар сард Персийн булангаас гаргах түүхий тос болон конденсатын хэмжээ өдөрт 14 сая баррель болж сэргэжээ.  Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) энэ сарын 13-нд гаргасан "Газрын тосны зах зээлийн тайлан"-даа үүнтэй төстэй дүгнэлт хийж, 2027 онд нөөц хэмжээ нь мэдэгдэхүйц нэмэгдэж болзошгүйг дурджээ. Персийн булангийн орнуудын олборлолт аль хэдийн нэмэгдээд байна. Тухайлбал, Саудын Арабын түүхий газрын тосны олборлолт өдөрт 10 сая баррелиас давжээ. Газрын тосны үнэ буурснаар Энэтхэгийн рупийн ханш ам.долларын эсрэг чангарч, сүүлийн зургаан сарын дээд түвшинд хүрсэн байна.

https://www.intellinews.com/goldman-sachs-forecasts-2mn-bpd-oil-glut-in-2027-485616/?source=latam-energy


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих