
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Дархан арьс ширний цогцолборын үйл ажиллагааны талаар” тавьсан асуулгын хариуг сонсож байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Дарханы арьс ширний цогцолборт ажил гүйцэтгэсэн 14 компани бий. Ажлаа хийчихээд мөнгөө авч чадахгүй байна гээд бүгд асуудал ярьж байна. Эхнээсээ хувийн хэвшлээр гүйцэтгүүлнэ гэж байснаа дараа нь төрийн өмчит компани байгуулсан төрийн буруу гэж тэд үздэг. Дээрх 14 компанийн цаад талд 1200 гаруй ажилтан, 3600 хүний эрх ашиг хөндөгдөж байна. Дарханы арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт гээд шинээр хийлгэх гэж байгаа төсөлд 25 га газарт зэрэгцүүлж барих захиргааны шийдвэрийг хэн гаргасан бэ. Европын сэргэн босголтын банк ба Хөгжлийн банк хооронд байгуулсан Дарханы арьс ширний дэд бүтцийн төсөлд 56.3 сая ам.доллар зарцуулахаар шийдвэрлэсэн. Энэ асуудал юу болсон бэ. Шинээр хийх бүтээн байгуулалтын ажилд зохиогчийн эрхийн асуудал байна уу.
ХХААХҮЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга, Дарханы арьс ширний цогцолборын ТҮЗ-ийн дарга н.Отгонцэцэг: Дарханы арьс ширний цогцолбор ХХК-ийн өөрийнх нь ТЭЗҮ 2018 оны ТЭЗҮ-гээр 589.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн байдаг. 2013 онд Аж үйлдвэрийн яам тухайн үедээ Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтын ТЭЗҮ боловсруулах тендер зарлаж, хувийн хэвшлийн РНД гээд компанид 780 сая төгрөгөөр ТЭЗҮ-г нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн байдаг. Одоо хувийн хэвшлийн бариад байгаа ТЭЗҮ холбогдох яамны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ТЭЗҮ.
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун: Цогцолбороор нь үйлдвэр барихад төр оролцох шаардлагагүй юм. Барууны техник технологийн дагуу дэд бүтцийг нь хийгээд өгчихвөл хувийн хэвшил үйлдвэрээ барьчихна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Малын түүхий эдийг боловсруулаад зах зээлд гаргаж чадахгүй байна. Ийм чухал асуудлыг хэлэлцэж байхад 10-20 УИХ-ын гишүүн байна. Ийм хариуцлагагүй баймааргүй байна. Малын арьс шир, түүхий эд гуу жалга дүүрэн байгаа нь үнэхээр харамсалтай. 280 мянган гэр бүлийн 70 сая мал үнэ өртөгтэй болгож, боловсруулж гаргах ажил шүү дээ. Уг нь арьс ширээ боловсруулбал гадны зээл Итали гэх орнууд авах сонирхлоо илэрхийлсэн юм билээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу