
ШӨХТГ-аас "Алтан тариа" ХХК-д торгууль оногдуулаад байгаа юм. "Алтан тариа" ХХК тус торгуулийн арга хэмжээг үндэслэлгүй гэж шүүхэд хандахаа мэдэгдээд байна.
“Алтан тариа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Цэнгүүн: "Шудрага өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар намайг торгосон. Би гурилынхаа үнийг нэмнэ. Би тэр торгуулийн мөнгийг хаанаас авах юм худалдан авагчдаас авна. Уучлаарай хэрэглэгчид л төлнө. НӨАТ, ашгийн татвар, нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалыг хэн төлөх юм би юм уу? Үгүй хэрэглэгч л төлнө. Хэрэглэгчдийн л нуруу нь дээр очно. Байдал ийм байна" гэсэн юм.
"Алтан тариа" ХХК-ийн Бизнес, Хөгжлийн хэлтсийн дарга Ө.Саруул-Эрдэнэ: "ШӨХТГ-аас хууль бус шийдвэр гаргаж, огт үндэслэлгүй гүтгэн 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Ямар ч компанийн эрхэм зорилго бол ашигтай ажиллах байдаг. Манай компани ерөнхийдөө 10-13 хувийн ашигтай ажилладаг. Үүнийг бид 20 хувь болгох зорилготой байгаа. Дээрх торгууль бол компанийн ашгийг төрөөс хүчээр буулгах дарамт хэмээн үзэж байна. Тиймээс ШӨХТГ-ыг хууль зөрчсөн гэж үзэн шүүхэд хандаж байгаа.
Компани ашигтай ажиллах зорилгоо 20 хувь болгохын тулд өнөөдрөөс эхлэн гурилынхаа үнийг килограмм тутамд 20 төгрөгөөр нэмж байна. Компаниуд ашигтай ажиллахын төлөө явахаар төрөөс та нар ашиг хийгээд байна, ашиггүй хийж болохгүй гээд дарамтлаад байгаа үйл явдал хэмээн бид харж байна" гэсэн юм.
ШӨХТГ-аас "Алтан тариа" ХХК-г Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-р торгууль оногдуулсан.
"10.7 дугаар зүйл.Өрсөлдөөний тухай хууль зөрчих
4.7.хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно"





