НИЙТЛЭЛОнцлох

Хөршдөө өгөө аваатай байх 68.6 тэрбум төгрөгийн "хандив"

Хуваалцах:
Хөршдөө өгөө аваатай байх 68.6 тэрбум төгрөгийн "хандив"

Гуравдугаар цахилгаан станцыг өргөтгөх зураг төслийг ОХУ-аар 20 сая ам.доллар буюу 68.6 тэрбум төгрөгөөр хийлгэхээр болоод байна. Өөрөөр хэлбэл бид станцаа ОХУ-аар үнэтэй өргөтгүүлэх, эсвэл 68.6 тэрбум төгрөгөө "хандив" болгохоос өөр аргагүй байдалд оржээ.


Эрчим хүчний дутагдал, хэт ачаалал зэргээс үүдэж Монголын талаас “ДЦС-3”-ыг өргөтгөх санхүүжилтийн зээлийг ОХУ-аас авах саналыг 2021 онд тавьж байжээ. Гэтэл ОХУ-ын талаас зөвхөн Оросын компаниар “ДЦС-3”-ыг өргөтгүүлэх нөхцөл тавьсан бөгөөд өртгийг нь 1.3 тэрбум евро байна гэжээ. Энэхүү үнэ нь цахилгаан, дулааны станц өргөтгөх дэлхийн зах зээлийн үнээс даруй хоёр дахин их буюу мэргэжилтнүүд 500-700 сая төгрөгөөр өргөтгөх боломжтой хэмээгээд байгаа юм.

Монголын талаас “ДЦС-3”-ыг өргөтгөх үнийн дүнг буулгах саналыг тавьсан ч ОХУ-ын талаас “Юутай ч зураг төсвөө 20 сая ам.доллараар хийлгэчих. Тэгээд ярилцъя” хэмээжээ. Улмаар “ДЦС-3”-ын өргөтгөлийн зураг төслийг 20 сая ам.доллараар хийлгэх асуудлыг УИХ-аар хэлэлцэж, оны өмнөхөн буюу арван хоёрдугаар сарын 26-нд соёрхон батлаад байна. Хэдий ОХУ-аар өндөр дүнтэй өргөтгөл хийлгэхийг эсэргүүцсэн нь байсан ч асуудал бүхий зураг төсөл хийлгэх зардлыг хөндөж дугарсан УИХ-ын гишүүн байсангүй.

Энэхүү асуудлыг хэлэлцэх үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “ОХУ-ын экспортын зээлээр өргөтгөх учраас ТЭЗҮ-г нь Оросын тоног төхөөрөмжид зориулж зураг төсөв хийхээс өөр аргагүй. Хийгээд үзье. Зураг, төсөв хоёр Монголын өмч болоод үлдэнэ. Оростой тохирохгүй бол дараагийн хөрөнгө оруулагч нар санал гаргах эрхтэй” хэмээсэн юм. Тодруулбал, “ДЦС-3”-ыг өргөтгөх зураг төслийг ОХУ-ын тоног төхөөрөмжид зориулж хийх бөгөөд Оросууд үнээ буулгаагүй нөхцөлд тус зураг төсөл хоосон цаас болж хувирах юм.

Улмаар өөр улсаар өргөтгүүлэх хэрэгтэй болж, дахин зураг төсөл боловсруулах шаардлагатай тулгарна гэсэн үг. Нийт 16 ширхэг боловсролын байгууламж барих 20 сая ам.доллар буюу 68.6 тэрбум төгрөгийг “Хийгээд үзье” гэх хоосон үгэнд итгэж батласан нь парламент чадамжгүй байгаагийн илрэл болов. Зураг төсөл гарсан хойно ОХУ-ын талаас өртгөө хоёр дахин бууруулна гэдэг нь тун ч эргэлзээтэй. Эсвэл нэгэнт зураг төсөл хийлгэчихсэн тул үнэтэй ч хамаагүй хойд хөршөөр өргөтгүүлж мэдэх юм. УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржийн хэлснээр “Хөрштэйгөө өгөө аваатай байх ёстой” гэдгийн илрэл нь энэ 68.6 тэрбум төгрөгийн "хандив" болж байх шиг байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
2Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих