
Монгол физикч квант механикийн салбарт түүхэн нээлт хийгээд байна. Түүнийг Хүрэлбаатарын Цэндсүрэн гэдэг бөгөөд Австралийн Гриффитийн их сургуульд судлаачаар ажилладаг. Тэрбээр квант физикийн суурь үзэгдлийн нэг болох “квант хонгил” (quantum tunneling)-ийн үед электрон хэрхэн саадыг нэвтэрч, дотроо дахин мөргөлдөх үйл явц явагддаг болохыг онолын болон тооцооллын аргаар анх удаа тодорхойлсон юм. Энэ үзэгдэл нь өмнө нь зөвхөн таамаг төдий байсан бол түүний хийсэн судалгаа уг процессыг нажид тодорхой, физик үндэслэлтэйгээр баталсан анхны ажилд тооцогдож байна.
Квант механик үүсэж хөгжсөний 100 жилийн ойд барьж буй түүний энэ бэлэг Монголын нэрийг дэлхийд таниулсан явдал болсон тул бид түүнийг онцлон ярилцлаа.
-Юуны өмнө танд баяр хүргэе. Квант физикийн нарийн төвөгтэй салбарт монгол хүн нээлт хийсэн анхны тохиолдол боллоо шүү дээ.
-Баярлалаа. Квант физик буюу квант механикт “Quantum tunneling effect” гэж байдаг. Энэ нөлөө нь электрон потенциал саадыг нэвтэлж гарахыг хэлдэг. Жишээлбэл өргөн, зузаан ханыг электрон нэвтэлж гарч явах үзэгдлийг хэлж байна гэсэн үг. Энэ үзэгдэл нь квант ертөнц буюу молекулын ертөнцөд л тохиолддог, ажиглагддаг ийм зүйл. Урд нь Физикийн шинжлэх ухаанд электрон потенциал саадаар зүгээр л нэвтрээд гараад явчихна хэмээн үздэг байсан. Харин тэр ханан доторх үйл явцыг судалдаггүй, анхаардаггүй, нэвтэрч гарсны дараах процессыг судалдаг байсан. Бидний хийсэн ажил болохоор потенциал саад буюу жишээлэн авсан өргөн, зузаан ханан дотор электрон ямар харилцан үйлчлэл үзүүлж байна вэ гэдгийг нь олж нээгээд туршилт болон онолоор баталгаажуулсан байгаа.

- БИДНИЙ НЭЭЛТЭЭС ҮҮДЭЖ ИХ СУРГУУЛИУДЫН ФИЗИКИЙН СУРАХ БИЧИГТ ЗАСВАР ОРНО -
-Та бүхний нээлт Физикийн салбарт ямар өөрчлөлтийг авчрах вэ?
-Юуны өмнө бид онолын хувьд шинээр нэг ухагдахуун нэмж байгаа юм. Урд нь их сургуулиудын сурах бичигт “Quantum tunneling” гэдэг бол зүгээр л үзэгдэл, нэвтрээд гараад явчихдаг гэж заасан байдаг. Гэтэл бидний ололт, нээлт гарч ирснээр сурах бичгүүдэд засвар орно гэсэн үг.
Яагаад гэвэл электрон потенциал саадыг нэвтэлж гарч явахаас гадна потенциал саадан дотроо өөр харилцан үйлчлэл явагдаж, сарних процесс болдог юм байна гэдэг онолын шинэ мэдлэг нэмж байгаа юм. Мөн бидний нээлт Квант механикийн онолыг илүү сайжруулах хэрэгтэйг харуулж байгаа юм. Хэрэглээ талаасаа гэх юм бол бидний нээлт лазерын технологийн буюу бодисын, атомын бүтцийг судлах аргыг илүү нарийвчлалтай болгоно. Мөн квант компьютер бүтээхэд үр нөлөөгөө өгнө.
-Анх Квант хонгилын энэ нөлөөний потенциал саадад үзүүлэх нөлөөллийг судалъя гэдэг санааг хаанаас авсан бэ?
Энэ нээлтийг бид анхнаасаа төлөвлөж, зорьж хийгээгүй. Өөр туршилт хийх явцад санаандгүй байдлаар ажиглагдсан. Сонин санагдсан тул ахиж лавшруулаад судлаад үзэхэд бидний сая ажигласан үзэгдэл гарч ирсэн юм. Бидэнтэй хамт өгүүллэг бичиж гаргасан Германы Онолын физикийн групп байгаа. Тэд нар хэдэн жилийн өмнөөс ийм байж болох юм гэсэн онолын таамаг дэвшүүлээд яваад байсан юм. Энэ салбарын мэргэжилтний хувьд тэднийг мэддэг байсан.
Тэгээд бид шинэ үзэгдлээ олны мэддэг стандарт онолоор бодоод, тооцоод үзэнгүүт бидний гаргасан үр дүнг тайлбарлаж чадахгүй байсан тул тэдний онолоор тооцож үзэхэд тайлбарлаж чадаж байсан. Ингээд л онол болон туршилтаар баталгаажуулчихсан хэрэг. Нээлтээ хийчхээд ээжтэйгээ холбогдоод ярьсан. Зөндөө их баярлаж байна билээ. “Хүүгээрээ маш их бахархаж байна” гэсэн.
-Таны хувьд анх Физикийг ямар шалтгаанаар, хэрхэн сонирхож байв?
-Би Увс аймгийн Өмнөговь сумаас гаралтай. Хичээлээ хийгээд л явж байдаг хөдөөний хүүхэд байсан. 10 жилд байхаасаа Физикийн хичээлд сонирхолтой, олимпиадад оролцдог хүүхэд байлаа. Тэгээд МУИС-ийн Онолын физикийн ангид орж бакалавр, магистраа хамгаалаад МУИС-даа багшаар ажилладаг байсан. Улмаар 2014 онд Солонгос руу докторт явах тэтгэлэг олдоод, Поханы шинжлэх ухаан, технологийн их сургуульд “Атом болон молекулын дотоод бүтцэд явагдах хурдан процессын судалгаа”-ны сэдвээр докторын ажлаа хамгаалсан. Үргэлжлүүлээд тус сургуульдаа Докторын дараах судлаачаар ажиллаж байгаад өнгөрсөн зунаас Австралийн Гриффитийн их сургуульд ирж ажиллаж байна.

- ДЭЛХИЙД ХӨЛ НИЙЛҮҮЛЖ АЛХАХ БОЛОВСРОЛТОЙ МОНГОЛ ЗАЛУУСЫГ БЭЛТГЭНЭ -
-Таны хувьд монголдоо ирж амьдрах ч юм уу, ажиллах сонирхол байгаа юу?
-Монголдоо очих зорилго байлгүй яах вэ. Яваандаа монголд очоод, өөрийнхөө сурч мэдсэн зүйлээ монгол оюутнууддаа зааж сургаад, дэлхийн түвшинд хөл нийлүүлж алхахуйц хэмжээний мэдлэг, боловсролтой залуусыг бэлтгэнэ гэж бодож байгаа.
-Хөгжил сайтай орнуудад монгол эрдэмтэд, судлаачид нэлээдгүй байна. Энэ хүмүүс монголдоо ажиллаж, хийж бүтээхэд ямар асуудал тулгараад байна?
-Хөгжсөн улс орнуудыг харахад шинжлэх ухааныхаа салбарт нэлээдгүй хөрөнгө мөнгө хаяж байж, дотоодын төдийгүй гадаад оюутнуудыг улс орондоо татаж байж шинжлэх ухаан нь хөгждөг. Тэгж хөрөнгө оруулж байж 10-20 жилийн дараа оруулсан хөрөнгө оруулалт нь буцаагаад үр ашгаа өгдөг. Шинжлэх ухаанаа дагаад улс орон нь хөгждөг. Монгол Улсын хувьд материаллаг бааз тааруу. Хөрөнгө оруулалт сайн хийгээд, материаллаг бааз сайтай болчих юм бол монголын залуучууд маш их потенциалтай. Багаж, төхөөрөмж нь байх юм бол миний явуулж байгаа энэ судалгааг монгол залуучууд өөрсдөө гардаад хийх бүрэн боломжтой.
-Монголд суурь шинжлэх ухааны салбар боловсон хүчний дутагдалд орох хандлагатай байна. Физикийн салбарын ирээдүй ер нь ямархуу байна вэ?
Сүүлийн жилүүдэд анзаарагдаад байгаа юм гэвэл хүүхэд, залуучууд ихэвчлэн нийгмийн ухаан гэх мэт салбар луу голчлон анхаараад суурь шинжлэх ухаанууд болох физик, математик, химийг орхигдуулаад байгаа ажиглагдсан. Тэр чинээгээрээ энэ чиглэлээр элсэж буй оюутнуудын тоо буурсан. Энэ бол мэдээж маш сөрөг нөлөөтэй, буруу зүйл. Тийм учраас төрөөс анхаарал хандуулж суурь шинжлэх ухаануудыг дэмжих хэрэгтэй. Залуучууд, хүүхдүүд маань физикийг түлхүү сонирхох юм бол бидний өдөр тутмын амьдралд байнга тохиолдож байдаг, байнга л ажиглагдаж байдаг зүйлийн утга учир, шалтгааныг ойлгоно.
Сүүлийн үед хиймэл оюун ухаан нэлээдгүй моданд орж байна. Ирээдүйд юу хамгийн их хэрэгцээтэй болох юм бэ гэвэл хиймэл оюун ухааныг физик үйл ажиллагаанд ашиглах үйл явцын судалгаа, туршилт. Иймд физикийг сайн судлах юм бол энэ хөгжлийн шатанд хувь нэмрээ оруулах боломжтой болно гэж хэлмээр байна.
- ХИМИЙН УРВАЛУУДЫГ УДИРДАЖ, АЛИВАА ӨВЧНИЙГ АНАГААХ БОЛОМЖИЙГ ЭРЭЛХИЙЛЖ БАЙНА -
-Суурь шинжлэх ухааны ихэнх судлаач, эрдэмтдэд аливаа нэг нээлтийг хийчих юм сан гэсэн хүсэл эрмэлзэл байдаг санагддаг. Таны хувьд ямар нээлтийг хийхийг зорьж ажилладаг вэ?
-Физикт “Хэт хурдан цэнэгийн шилжилт” гэж үзэгдэл байдаг. Жишээлбэл бидний амьсгалдаг хүчил төрөгчийн молекул /O2/, эсхүл азотын молекул /2N/ хоёр атомтой байдаг шүү дээ. Молекулд цэнэгийн түгэлт гэж байдаг. Электрон үүл нь тэр атомоо тойроод байж байдаг. Тэгээд байж байтал нэг электроныг нь сугалаад авчихлаа гэж төсөөлье. Өндөр тоосгон барилгын нэг блокийг доороос нь сугалаад авчих юм бол тэр байшин нурахуйц байя. Тэр байшинг нураахад тэр байшин дахиад өөр нэг төлөвт шилжинэ шүү дээ. Молекул дотор яг л тийм үзэгдэл болдог.
Нэг электроныг нь сугалаад гаргачих юм бол нэг талд нь байсан электронууд нөгөө талд нь шилжээд, нааш цаашаа “oscillation” гэх үзэгдэл болдог. Энэ үзэгдэл нь маш богино хугацаанд өрнөдөг. Ойролцоогоор 10-15 секундээс 10-18 секундийн маш богино хугацаанд өрнөдөг. Миний зорилго бол ийм процессыг хэмжиж илрүүлэх ийм зорилго байгаа. Яагаад ийм юм судалдаг вэ гэхээр энэ нь маш чухал ач холбогдолтой. Хэрвээ бид ийм хурдан процессыг бодит байдал дээр хэмжчих юм бол бидний яриад байгаа химийн урвалуудыг удирдаж жолоодох боломжтой болно. Ингэснээрээ янз бүрийн өвчин, эмгэгийг удирдаж, анагаах боломжтой болно гэсэн үг. Аль эсвэл шинэ төрлийн эм тариа гэх мэт олон зүйлийг гаргах боломжтой.
-Үнэхээр гайхалтай зорилго байна. Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Донж 2025-06-04 08:59:05
Гайхалтай цаашдын судалгаа ажилд нь өндөр амжилт хүсье.👏👏👏
Зочин 2025-06-04 08:06:20
Mundag2