
Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө хураана гэсэн үг хэлж. Тэр нь Засгийн хурал дээр хүнсний ногооны нөөц, зоорь сав ярьж байхад нь зэрэгцээд амнаас нь гарсан үг бололтой. Авлига , албан тушаалын гэмт хэргийг үйлдэж, улсад хохирол учруулагсдын хөрөнгийг хураах тухай ярьж. Объектууд гэсэн үг өгүүлбэр харагдах. Шударга бусаар олсон хөрөнгийг хураах нь зөв байх. О.Алтангэрэл, Л. Оюун-Эрдэнэ нар нэг тийм хууль санаачилсан, УИХ дээр төсөл нь байж байгаа байх. Тэр хуулийг амилахаас наана Ерөнхий сайд хөрөнгө хураана л гэнэ. Авлигатай тэмцэх газартай хамтарна гэлээ. Дөчин дөрвөн их наядын нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар 17 хүнийг нэрлээд АТГ мэдээлэл хийж билээ.
Тэгээд тэр зарласан өдрөөсөө эхлэн мөнөөх арван долоогоосоо холбогдолгүй гэж зарласаар нольлосон. Тэдгээр зарлагдсан хүмүүс нь бүгд нүүрсний хулгайчид биш болж хувирсан. Нэг үгээр хэлбэл АТГ тэдгээрийг хэлмэгдүүлсэн. АТГ дөчин дөрвөн их наядын нүүрсний хулгайг улсын орлого болгож чадаагүй, нэг үгээр хэлбэл алдчихсан. Угтаа бол хулгайчдынхаа дарсан газруудад янз бүрийн хэлбэрээр хэвтэж л байгаа. З. Дашдаваа гэдэг хүн мэдээлэл өгөх хэрэгтэй дээ. Дөчин дөрвөн их наядаас яг хэдийг хураасан, хэдийг улсын орлого болгосон гэдгээ. Өчүүхэн юм байгаа. Б.Ганхуяг, Т.Аюурсайхан хоёроос хураасан ямххан юм байгаа. Бусад нь бүгд уулын амуудаар хаус шилтгээн болсон. Энэ нууц биш. Монголын хүчний байгууллагын дарга нарт нэг сонин үзэгдэл байна. Ерөнхий сайдууд, Засгийн газрууд дамжаад л оршоод байна. Яг албан тушаалаа хадгалаад л суугаад байна. З. Дашдаваа, Б.Жаргалсайхан, П.Одонбаатар. Эдгээр хүмүүс Х.Баттулгыг Ерөнхийлөгч, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхаас эхлээд л уул албан тушаалууддаа суусан. Эдүгээ ч сэлгэн томилогдож суусаар.
П.Одонбаатар гэхэд У.Хүрэлсүх, Л. Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар гээд гурван Ерөнхий сайдын нүүр үзэж байна. Үзэл санаа чигч, шинэ улс төр, зарчим, өөрийн ялгарах бодлогыг бий болгох Ерөнхий сайдын эхний томилгоо Тагнуулын Ерөнхий газрын даргын томилгоо байдаг. С.Баяр Ерөнхий сайд болоод Равдангийн Болдыг шууд тавьж байв. Одоо тиймгүй болоод уджээ. Энэ байдал бол үнэндээ найраа, дундын, аялдсан агуулгаар бүгдийг зохицуулах эдүгээн улс төрийн томчуудын илэрхийлэл болсоныг илтгэнэ. Үнэндээ бол бүх түвшинд үнэн, үнэт зүйл, зарчим хямдарсаны илрэл. Дөчин дөрвөн их наядын нүүрсний хулгай, хилээр гарсан баялагт Тагнуулын Ерөнхий газар, Хил хамгаалах газар ямар дүгнэлт хийсэн нь тодорхойгүй. Тийм өртгийн баялаг үрэн таран болсон нь үнэн байдаг.
Хил хамгаалахын даргыг өчнөөн жил хийсэн Ц.Сэргэлэн гэдэг хүн нүүрсний хулгайн сэжигтнээр зарлагдчихаад “Меланжийг шалга” гэдэг бичиг өмнөө тавиад сууж байсан. Нэг иймэрхүү л дүр төрхтэй хүмүүс байгаад байдаг. Монгол шиг хулгай нүүрлэсэн орон байна уу, ховор доо. Б.Жаргалсайхан гээд хүн байна. Х.Баттулгын үед Ерөнхий прокурор болсон, саяхан дахиад У.Хүрэлсүхийн үед сунгагдсан. Нас нь аль хэдийнэ тэтгэвэртээ суух болсон. Саяхан томилогдох үеэр нь бишгүй хүмүүс энэ асуудлыг хөндсөн. Б.Жаргалсайхан аар саархан тайлбар хэлээд, суудлаа хадгалж чадсан. Суудлаа хадгалж болох. Зарчмын үнэт зүйл, албан тушаалынхаа мөн чанарыг хадгалж байна уу. Балтавтцэрэн ч бил үү, нэг прокурор байсан. Бодондох гэж нэг айхтар юм бий дээ. Бизнесийнхнийг дээрэмддэг, улс төр, хүчнийхэн нийлж хэн нэгнийг дээрэмддэг, нядалдаг, юмыг нь булаадаг тийм нэг бузар муухай зүйл Монголд байгаад л байдаг.
Хүрлээгийн Анхбаяраас эхлээд их олон хүн бий дээ. Хохирсон. Хэлмэгдсэн. Б.Жаргалсайхан прокурор, наадам хэсэж, нутгийн улс төрчидтэй дөрөө харшуулаад л их яваа харагдах. Я.Содбаатар, Д. Сумъяабазар гээд Өвөрхангайхантайгаа хөлхөлдөөд л. Ерөнхий прокурорын залах байгууллага, гарын үзүүр, нөлөөллөөр бизнесийнхэн , баялаг бүтээгчид хохирохгүй байх үндэслэлд Б.Жаргалсайхан гуай бүрэн дүүрэн хариулт өгөх чадвар байдаг болов уу. Ийм эрсдэл дунд өөрөө санаатай, санаагүй үйлдэх, эс үйлдэхүйгээ хянах, зохион байгуулагдсан дээдсийн хуйвалдааны явдал, улайрал, булаал энэ байгууллагын эрх мэдлийн далбаан дор бишгүй байдгийг аж ахуй нэгжийнхэн, баялаг бүтээгчид зөндөө л ярьцгаадагт Б.Жаргалсайхан прокурор дүгнэлт хийх ёстой. Өөрөө үүнд Монголчуудын өмнө хариулах ёстой. Б.Жаргалсайханы үнэт зүйл бол улс төрдөөс хол байх явдал байх. Улс төрчидтэй хутгалдаад ирбэл, гүйцэлдлүүд хийгээд ирбэл асуудал өөрт нь цааз болно. П.Батчулуун эмчийн хэрэгт гэхэд улс төр ороод л, бусармаг наалдаад л байх шиг байсан. Энэ мэт олон зүйлд Ерөнхий прокурор сийрэг байж, чигч шударга ажиллахгүй бол ард иргэдийн сонор, аж ахуй, бизнесийнхний эрхээ хамгаалах сэрэмжит байдал төгс болсон доо. З.Дашдаваа дарга сая Л. Оюун-Эрдэнийн хүүгийн орлогыг нотлох гэж жар хоног ажиллав уу даа. Гэтэл ирэх долоо хоногт Ерөнхий сайд хамжаад хөрөнгө хураана гэж байх. Бэлэн юм уу энэ ажилд, З.Дашдаваа дарга аа.
Ерөнхий прокурорын албаныхан зөв яллаад, шүүх зөв дэнслээд хөрөнгийг нь хураах гэж байгаа байх даа. Ерөнхий сайд Г.Занданшатар аа, хөрөнгө хураахдаа, З.Дашдаваа комиссар, Б.Жаргалсайхан прокурор, Д.Ганзориг шүүгч нарыг байлгаарай. Тэндээс манай хүчний байгууллагын үнэний хэмжээ харагдана.
Б.ОЛЗВОЙ




