
Есдүгээр сарын 12-нд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргын сонгуульд нэр дэвшихээ зарласан тухайн цаг үеэс хойш улс төрийн "зодоон" зогсолтгүй үргэлжилж байна.
Монгол ардын нам үеийн үед яаж ч хагарсан хожим хойно нь тэврэлддэг соёлтой нам. Өөрөөр хэлбэл тэд "хулгайч" гэж нэгнийгээ хэчнээн цоллосон ч Их хурлаараа ялагчаа эцэслэчхээд хэн нь ч ял хүлээлгүй өнгөрөх магадлал өндөр.
Тэгвэл Монгол Улс, ард түмэн яаж хохирох вэ? Яг энэ цаг үед Монгол Улсын 2026 оны төсвийн төсөөллийг хэлэлцэж байна. Гэвч улс төрчдийн болоод ард түмний анхаарал төсвөөс илүүтэй МАН-ын даргын асуудал яаж шийдэгдэхэд анхаарч буй нь нууц биш. Энэ нь олны анхаарлаас гадуур "төсвийн хулгай" явах магадлалыг нэмэгдүүлж буй.
Хэрэв Ерөнхий сайд, УИХ-ын даргын энэ "зодоон" Засгийн газрын болоод УИХ-ын "зодоон" болчихвол ирэх жилийн төсөв буцаагдаж төсөв хоцрох нөхцөлд ч хүрч болзошгүй. Энэ тохиолдолд наанадаж төрийн ажил, албан хаагчдын цалин хоцорч, цаанадаж парламентын дархлаа алдагдах магадлалыг ч дагуулж байна.
2025 он бол Монгол Улсын хувьд чухал жил. Учир нь долоон жилд нэг удаа өөрчлөлт оруулах заалттай Оюу толгойн Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг багасгах боломж энэ онд тохиож буй. Гэвч Засгийн газрын зүгээс эс үйлдэхүй гаргаж буй талаар зарим УИХ-ын гишүүд мэдэгдээд байгаа юм. Цаашлаад Ерөнхий сайд Г.Занданшатарыг Үндсэн хууль зөрчиж сайдын томилгоо хийсэн хэмээн үзэж, Засгийн газрыг огцруулах акцыг эхлүүлэх магадлал өндөр байна. Эл асуудлуудаас болж Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулж амжилгүй энэ жилийг дуусгах зураглал харагдаж эхэллээ.
Ингээд харахад Төрийн ордонд, МАН-ын байранд, цахим орчинд гээд хаа сайгүй үргэлжлэх энэхүү "зодоон"-ы хохирогч нь ард түмэн билээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу