
Улаанбаатар хотын төвийн барилгажсан хэсэгт авто зогсоол байгуулах боломжтой нийтийн эзэмшлийн зам талбайн жагсаалтыг батлуулах тухай тогтоолын төслийг НИТХ-ын ээлжит VII хэлэлцэхээр төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар авто зогсоолын байршил, ашиглалт, менежмент нь нэгдсэн төлөвлөлт, стандарт, зохицуулалт хангалтгүйн улмаас нийтийн эзэмшлийн талбайн зориулалт алдагдах, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх явган зорчигчийн аюулгүй байдал болон иргэдийн ая тухтай орчинд сөргөөр нөлөөлөх, түгжрэлийг нэмэгдүүлэх эрсдэлийг бий болгож байгааг танилцуулгад дурдсан байна.
Нийт 192 байршилд тээврийн хэрэгслийн зогсоол байгуулах жагсаалтыг гаргасан бөгөөд баталсан байршлын нийтийн эзэмшлийн талбайд шинээр газар, барилга байгууламжийн үе шатны зөвшөөрөл олгохгүй байхаар төсөлд тусгажээ. Жагсаалтад Баянгол дүүрэгт 53, Баянзүрхэд 38, Сүхбаатар дүүрэгт 43, Чингэлтэйд 24, Сонгинохайрханд долоо, Хан-Уул дүүрэгт 27 байршилд автомашины зогсоол байгуулахаар болсон байна.




