С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцно

Хуваалцах:
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцно
УИХ-ын дарга С.Бямбацогт байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл болон хэвлэл мэдээллийн салбарынхнаас ирүүлсэн шаардлагатай санал нэг байна. Хүний Эрхийн Үндэсний Комисс ард иргэдийнхээ зөрчигдсөн эрхийг хамгаалж, дуу хоолой нь болох үндсэн үүрэгтэй болохоос бус албан тушаалтны амин хувийн эрх ашигт үйлчилдэг алх дохиур биш.
Гэтэл төрийн өмчит компанийн албан тушаалтны талаар хөндсөн сэтгүүлчийн нийтлэлд орсон албан тушаалтны зургийг "хувь хүний биометрик мэдээлэл" хэмээн хуулийг мушгин тайлбарлаж, хэвлэл мэдээллийн байгууллагыг буруутгах албан бичиг үйлдсэн нь олон нийтийн мэдэх эрх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд ноцтой халдсан бусармаг үйлдэл юм.
Улсын Их Хурлаас баталсан Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль нь албан тушаалтнуудыг хаацайлах бамбай, сэтгүүлчдийн амыг үдэх, цензур тогтоох зэвсэг огтоос биш. Нийтийн эрх ашгийн төлөөх хэвлэл мэдээллийн ил тод хяналтыг боомилох гэсэн ийм ухралтыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй.
Иймд хүний эрхийн манаанд зогсох чиг үүргээсээ гажиж, хуулийг албан тушаалтанд ашигтайгаар гуйвуулан тайлбарлаж,чөлөөт хэвлэлийн эсрэг ажилласан ХЭҮК-ын холбогдох албан тушаалтанд хатуу хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьтай байна.
Мөн энэ асуудлыг УИХ-ын Хүний Эрхийн дэд хороонд чиглэл өгч шалгуулах болно гэдгээ мэдэгдэж байна. Улсын Их Хурал хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, цаашид хууль завхруулахгүй байх, сэтгүүлчдийн эрхийг хангах чиглэлээр холбогдох байгууллагуудаас хариуцлага шаардаж ажиллах болно" гэв.

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх