
[УЛААНБААТАР ХОТ-Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц] Ерөнхий сайдын гаргасан "Засаг даргаар томилох, чөлөөлөх тухай" захирамж Үндсэн хууль болон Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэх гэж байна. Энэхүү хуралдаан нь Монгол төрийн албаны мерит (чадвар)-ын зарчим хадгалагдах уу, эсвэл улс төрчдөд зориулж хуулийг гуйвуулдаг жишиг тогтох уу гэдгийг шийдэх түүхэн сорилт болоод байна.
Томилгооны “ногоон гэрэл” буюу ТАЗ-ийн нууц бичиг
Иргэний мэдээллийн дагуу үүссэн уг маргааны явцад маш ноцтой баримт ил болсон нь Төрийн албаны зөвлөл (ТАЗ) өөрөө хууль бус томилгоог хаацайлах “хууль зүйн зөвлөх” шиг ажилласан уу гэх хардлагыг төрүүлж байна.
Тодруулбал, Ерөнхий сайд хуулийн шалгуур хангаагүй Д.Пүрэв-Очирыг аймгийн Засаг даргаар томилохынхоо өмнө ТАЗ-аас лавлагаа авахад, ТАЗ 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01/2286 тоот албан бичгээрээ “ТӨХХК-ийн ажлыг төрийн албанд ажилласнаар тооцно” гэсэн дүгнэлтийг Ерөнхий сайдад хүргүүлжээ. Ерөнхий сайд ТАЗ-ийн энэхүү хууль бус удирдамжид найдан, 12 хоногийн дараа томилгооны захирамжаа гаргасан байна.
Компанийн ажилтан төрийн албан хаагч мөн үү?
Компанийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуулиар “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК нь ашгийн төлөө, бие даасан аж ахуйн нэгж бөгөөд тэнд ажиллаж буй иргэд нь “Төрийн албан хаагч” биш, “Гэрээт ажилтан” байдаг. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан Төрийн улс төр, захиргаа, тусгай, үйлчилгээний аль ч ангилалд ТӨХХК-ийн менежерийн албан тушаал хамаардаггүй.
Гэвч ТАЗ хуулиас давсан “дүйцүүлэх журам” гэгчийг ашиглан, улс төрийн өндөр албан тушаалтанд зориулж “ажилласан жил” зохиож өгсөн нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т заасан “Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэх заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл юм.
Цэц ТАЗ-ийн балгаар үүссэн маргааныг цэгцэлнэ
Үндсэн хуулийн Цэц ТАЗ-ийн Ерөнхий сайдад явуулсан өнөөх бичгийг нь үндэслэн: “Та нар яг ямар хуулийн заалтаар ТӨХХК-ийн ажлыг төрийн албанд тооцсон бэ гэдгээ одоо Цэцийн өмнө албан ёсоор тайлбарла, баримтаа ирүүл” хэмээн ТАЗ-ийг дуудаад байна.
Хэрэв Үндсэн хуулийн Цэц хуулийн үсэг, үзэл баримтлалыг чанд баримталж, ТӨХХК-ийн ажлыг төрийн албанд тооцохгүй гэж үзвэл хууль бус удирдамж өгсөн ТАЗ-ийн бичиг болон түүнд үндэслэсэн Ерөнхий сайдын захирамж хамтдаа хүчингүй болох хууль зүйн логиктой.
Нийгмийн хүлээлт
Энэхүү маргааныг ҮХЦ хэрхэн шийдвэрлэх нь Монгол Улсад хууль хүн бүрт, тэр дундаа Ерөнхий сайд болон Төрийн албаны зөвлөлд тэгш үйлчилдэг эсэхийг харуулах тод толь болно. Олон нийт, хуульчдын хамт олон Үндсэн хуулийн Цэцийг улс төрийн нөлөөллөөс ангид байж, зөвхөн Үндсэн хуулиа хамгаалсан, шударга шийдвэр гаргана гэдэгт итгэж, хуралдааны явцыг анхааралтай ажиглаж байна.




