Намрын ургац хураалтад 10-12 мянган тонн шатахуун шаардлагатай

Хуваалцах:
Намрын ургац хураалтад 10-12 мянган тонн шатахуун шаардлагатай
Энэ оны ургацын урьдчилсан балансаар Сэлэнгэ аймагт нийт 195.5 мянган га талбайгаас 421.4 мянган тонн ургац хураан авах төлөвтэй байна. Тухайлбал, 221 мянган тонн үр тариа, үүнээс 203 мянган тонн улаанбуудай, 45.1 мянган тонн малын тэжээл, 23.4 мянган тонн тосны ургамал, 46.5 мянган тонн төмс, 85.2 мянган тонн хүнсний ногоо хураан авах урьдчилсан тооцоо гарчээ.
Наймдугаар сарын 28-ны өдрийн байдлаар аймгийн хэмжээнд улаанбуудай 195 га, бусад үр тариа 40 га, төмс 411 га, хүнсний ногоо 477.5 га талбайд тус тус хураалт хийж байна. Төмсний ургац хураалт 12.8 хувь, хүнсний ногооны хураалт 10.1 хувийн явцтай байна. Ургац хураалтад аймгийн хэмжээнд 712 үр тарианы трактор, 446 комбайн, 350 үтрэмийн машин, 35 төмсний комбайн ашиглаж байна. Мөн ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд зохион байгуулахад 1,226 түр ажиллах хүч шаардлагатай гэсэн захиалга ирүүлжээ.
Намрын ургац хураалт болон тээвэрлэлтийн ажилд 10–12 мянган тонн шатахуун шаардлагатай. Одоогоор аймгийн хэмжээнд 38 шатахуун түгээх станцад 607.5 тонн АИ-92 бензин, 661 тонн дизель түлшний нөөц байна.
Аймгийн хэмжээнд Мандал, Баянгол, Орхон сумдад тус бүр 500 тонн, Зүүнбүрэн, Хушаат, Жавхлант, Шаамар сумдад тус бүр 200 тонн зоорийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулж байгаа аж. 

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх