
БНХАУ-ын зах зээл дэх коксжих нүүрсний үнэ арилжааны түүхэн дэх хамгийн өндөр өсөлттэй сараа үджээ. Дотоодын олборлолтын саатал болон уурхайн аюулгүй ажиллагааны хяналт чангарснаар гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эдийн нийлүүлэлт хумигдаж, үнэ өссөн байна. Далянийн таваарын бирж дэх коксжих нүүрсний фьючерс ханш наймдугаар сард 46 орчим хувиар өссөн байна. Энэ нь тус бүтээгдэхүүний фьючерс арилжаа 2013 онд эхэлснээс хойших сарын хамгийн өндөр өсөлт юм.
БНХАУ-д гарсан уурхайн томоохон ослын нөлөө зах зээлд мэдрэгдэж эхэлсэн үе буюу наймдугаар сарын дунд үеэс коксжих нүүрсний үнэ эрчимжиж эхэлсэн байна. Өнгөрсөн тавдугаар сард БНХАУ-ын коксжих нүүрсний дотоодын нийлүүлэлтийн тэн хагасыг бүрдүүлдэг Шаньси мужид 2009 оноос хойших хамгийн их хохиролтойд тооцогдох осол гарснаар аюулгүй байдлын шалгалт эрс нэмэгдэж, олборлолтын саатал газар авчээ. Үүнээс шалтгаалж дотоодын нийлүүлэлтийн хомсдолыг нөхөхийн тулд БНХАУ нүүрсний импортоо нэмэгдүүлэх шаардлагатай болсон байна. Хэдий тийм боловч нүүрсний задгай овоолгын байгаль орчны хяналтаас шалтгаалж гол экспортлогч Монгол Улсын нийлүүлэлт мөн хязгаарлагдсаныг “Mysteel” мэдээлжээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу