Ардчилсан намын Улс төрийн зөвлөл өнөөдөр 09.00 цагаас хуралдаж эхэлсэн ба уг хурлаар Ерөнхий сайд Н.Учралыг огцруулах эсэхэд байр сууриа нэгтгэн, улс төрийн шийдвэр гаргана гэсэн мэдээлэл байна.
УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж эхэлсэн. УИХ-ын Өргөдлийн байнгын хороогоор төсвийн хоёрдахь хэлэлцүүлгийг хийх шатанд Ерөнхий сайдын хамаарал бүхий сургуульд 3.5 тэрбум олгохоор тусгасан нь ёс зүйгүй үйлдэл гэх сөрөг хүчний эсэргүүцэл өрнөж, улмаар Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар гомдол гаргасан. Хэдийгээр Ерөнхий сайд Н.Учрал энэ бүхнийг үгүйсгэсээр байгаа ч улстөрчид баримт нотолгоог дэлгэсээр буй юм. Тиймдээ ч татвар төлөгчдийн мөнгөөр хувийнхаа бизнесийг дэмжих гэсэн үйлдэл нь Ерөнхий сайдын хувьд огцрох хангалттай үндэслэл гэсэн байр суурь идэвхтэй өрнөсөөр байна. АН-ын Улс төрийн зөвлөл хуралдсаны дараа УИХ дахь Ардчилсан намын бүлэг үргэлжлүүлэн хуралдах юм.






























































































