
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд горилогчдын ил, далд улс өрсөлдөөн ширүүссээр С.Амарсайханыг ХЗДХ-ийн сайдаас явуулж, оронд нь МАН-ын Удирдах зөвлөлийн 100 хувийн саналаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг дэмжсэн.
Гэвч 30:38-аар хуваагдаад буй МАН-ын 30-ийн бүлгийнхэн Г.Тэмүүлэнгийн томилгоог танилцуулах пүрэв гарагийн чуулганд ирээгүй. Эндээс намын даргынхаа оруулж ирсэн томилгоог дэмжихгүй байгааг илхэн харж болно. Улмаар гадаад, дотоод томилолттой гишүүдээ яаралтай цуглуулан даваа, мягмар гарагт чуулганаа хуралдуулан эл асуудлыг нэг талд нь гаргахаар болсон.
Тиймээс өнөөдөр 14.00 цагаас чуулганы хуралдааныг товлосон ч 30-ийн бүлгийнхэн ирцээ бүрдүүлж ирнэ гэдэг эргэлзээтэй. Мөн АН-ынхан төсвийн хэлэлцүүлэг дээр авсан гурав хоногийн завсарлагаа сунгаж ч магадгүй нөхцөл байдалтай байгаа. Тэд эрх баригчдыг дангаараа ирцээ бүрдүүлэн томилгоо, төсвөө хэлэлц гэх илтэд шаардлагыг тавиад буй юм. Өөрөөр хэлбэл, АН-ынхан завсарлагаа сунгалаа гэхэд УИХ-ын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх эсэх нь МАН-ын 30-ийн бүлгийнхний ирцээс бүрэн шалтгаалах болоод байна.




