22 жилийн турш гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан энэ сарын 18-нд эхэлж, хаалттай үргэлжилсэн. Тэгвэл шүүх хурлаар Б.Эрдэнэсүхийг зарим зүйл ангиар гэм буруутайд тооцож, шүүх хурлыг энэ сарын 28-ныг хүртэл завсарлуулжээ. Шүүхийн мэдээлэлд, "Шүүгдэгч Э-д холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг энэ сарын 18-ны 09.00 цагт товлон хэлэлцээд, ажлын цаг дууссан үндэслэлээр шүүх хуралдааныг энэ сарын 21-ний 09.00 цаг хүртэл завсарлуулж, энэ өдөр шүүх хурлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, шүүгдэгч Э-г Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргээс “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н-г байнга буюу 2005, 2007, 2008, 2009, 2010, 2011, 2012, 2013, 2016, 2019, 2020 онд зодсон” гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
Шүүгдэгч Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн хоёрдахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, хүүхдийн эсрэг үйлдсэн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгөсөн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.
Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн дүгнэлтээр “...хохирогч Н-ын сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр, насанд хүрээгүй хохирогч Н-ийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэл тус тус тогтоогджээ.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023.07.03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д дөрөвдүгээр зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл, гуравдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр гэж заасан. Тиймэс шүүхээс хохирогч Н-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792,000 төгрөгийг 35 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 27,720,000 төгрөгөөр,
-Насанд хүрээгүй хохирогч Н-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792,000 төгрөгийг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 15,840,000 төгрөгөөр сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийг тогтоож, шүүгдэгчээс гаргуулбал зохих хохирлыг 43,560,000 төгрөгөөр тогтоож хохирогч нарт олгохоор шийдвэрлэв" гэжээ.


























































































