
Сүүлийн үед баавгай, бамбарууш суурьшлын бүсэд орж ирэх нь ихэсч, нийтдээ 80 орчим тохиолдол бүртгэгдээд байгаа талаар БОУАӨЯ-наас мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор ой тайгатай ойр амьдардаг иргэд, малчид, тариаланчид, зуслангийн бүсийн оршин суугчдыг анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байсан ч хамгийн сүүлд нийслэл Улаанбаатар хотод баавгай орж ирсэн тохиолдол бүртгэгдээд байна. Тухайлбал, есдүгээр сарын 21-ний үүрийн 05 цагийн орчимд Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн орчимд баавгай зам даган гүйж яваа бичлэгийг нэгэн иргэн цахимд байршуулж, энэ дагуу холбогдох газрууд сэрэмжлүүлэг гарган машин техник, 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр баавгайг эрэн хайж эхэлсэн юм. Баавгай хотоос гарсан гэх ул мөр олдоогүй тул Туул гол, Богд уул орчимд самналтыг үргэлжлүүлэн хийж байна.




