М.Мандхай: 4,4 их наядын зарцуулалтыг ил болгох үүднээс Хянан шалгах түр хороо байгуулна

Хуваалцах:
М.Мандхай: 4,4 их наядын зарцуулалтыг ил болгох үүднээс Хянан шалгах түр хороо байгуулна

"Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын Ерөнхий хяналтын сонсгол" өнөөдөр хоёрдахь өдрөө үргэлжлэх байсан ч ирц хүрээгүйн улмаас цуцалсан. Тиймээс байнгын хорооны ирцэд орсон гишүүд мэдээлэл хийж, хянан шалгах түр хороо байгуулахаа мэдэгдэв.

Уг сонсголоор сүүлийн 18 жилийн хугацаанд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд зарцуулсан санхүүжилт буюу татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн үр дүнтэй зарцуулсан, салбарын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал зэргийг сонсох байсан юм.

УИХ-ын гишүүн М.Мандхай: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт сүүлийн 18 жилийн хугацаанд улсын төсвөөс буюу татвар төлөгчдийн мөнгийг энэ салбарт зарцуулснаар ямар үр дүнд хүрэв гэдгийг иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэл хүргэх үүднээс Ерөнхий хяналтын сонсголыг зарлаад, өчигдөр төрийн дэмжлэг болон урамшууллын талаар мэдээлэл хүргэсэн. Өнөөдөр зээлийн хүүгийн татаасын талаар мэдээлэл хийх байсан. Харамсалтай нь, том эрх ашгийн өмнө хүчин мөхөсдсөн хэдий ч энэхүү сонсголыг эхлүүлсэндээ баяртай байна. Хэдэн тоо дурдъя. Өчигдөр сангийн асуудлыг дурдсан. Төрийн дэмжлэг, урамшуулал, Үндэсний олон нийтийн газраас ямар зөрчилтэй, ашиггүй, алдагдалтай ажилладаг байсан сангийн асуудлыг хөндсөн. Өнөөдөр бид 4.4 их наяд төгрөгийн зээлийн асуудлыг хэлэлцэх байсан.

4.4 их наяд төгрөгийн зээлийг зарцуулахдаа хоёр өөр эзэмшилтэй нэг компани нэрэндээ дундаа нэг таслалтай эсвэл зай аваад зээл авчихсан, нэг РД-тай хоёр өөр компанийн нэршлээр зээл авсан тохиолдол байна.

Зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, хадгаламжиндаа тухайн зээлийн мөнгийг байршуулж аваад, зарим нь бэлнээр гаргаж авсан. Хяналт шалгалт хийж, зээлийг зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг шалгахад хашаандаа тоног төхөөрөмж байршуулсан боловч зарим тоног төхөөрөмж байхгүй, үнийн дүн нь зах зээлээс буурсан ийм үнэлгээтэй тоног төхөөрөмжийг үзүүлж байсан гэх мэтчилэн маш олон ноцтой зөрчил илэрч байсан. Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хүнсний аюулгүй байдлыг том зургаар харж, улстөржилгүй сонсгол хийсэн гэсэн боловч ирц хүрээгүй, хэлэлцэж чадсангүй. 4.4 их наяд төгрөгийг юунд зарцуулсан бэ гэдгийг ил тод болгох үүднээс Хянан шалгах түр хороо байгуулахаа зарлаж байна. Хянан шалгах түр хороог байгуулахад шаардлагатай гарын үсгийг цуглуулж, УИХ-ын тогтоолыг намрын чуулганд амжиж батлуулна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх