Шатахууны нөөцтэй атлаа борлуулалтаа хязгаарлаж, зохиомол дараалал үүсгэсэн ШТС-ын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахаар болжээ. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 264 шатахуун түгээх станцуудад аравдугаар сарын 29 буюу өнөөдрөөс иж бүрэн хяналт шалгалт хийхээр болжээ. Шалгалтаар шатахууны нөөцтэй хэрнэ борлуулалтаа хязгаарлах, нэг түгээгүүрээр үйлчлэх замаар зохиомол дараалал үүсгэсэн зөрчил илэрвэл тухайн ШТС-ын газар эзэмших эрх болон үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах аж.
Энэ талаар хотын дарга Б.Пүрэвдагва" Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод дизель түлш хангалттай байгаа гэсэн мэдээлэл ирүүлсэн. АИ-92, АИ-95 бензин оруулж ирж байгаа.
Шатахуун түгээх станцууд шатахууны нөөцтэй бол түүнийгээ бүх хошуугаараа түгээх хэрэгтэй байна. Хэрэв нөөцгүй бол иргэдэд нээлттэй мэдээлж, хиймэл түгжрэл үүсгэхгүй байхыг уриалж байна. Хиймэл түгжрэл үүсгэснээс болж тээврийн хэрэгслүүд авто замын нэг, хоёрдугаар эгнээнд дараалал бий болж, авто зам түгжирч, автобус ирэхгүй, иргэд олноороо удаан хугацаанд хүлээж, бухимдал үүсч байна. Иймд өнөөдрөөс ажлын хэсгийг байгуулж, Улаанбаатар хотод байгаа 264 ШТС-д хяналт тавина.”гэлээ.

























































































