"Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учраас иргэд дараалал үүсгэх шаардлагагүй"

Хуваалцах:
"Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учраас иргэд дараалал үүсгэх шаардлагагүй"

Шатахууны шуурхай штабаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. АҮЭБ-ийн дэд сайд Б.Мөнхтамир:

–ОХУ-ын Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрээс 2026 оны аравдугаар сард захиалсан 57 мянган тонн бүтээгдэхүүнээс 51 мянган тонн нь ачигдаж, одоогоор замд 5,700 тонн шатахуун тээвэрлэгдэж байна.  Ингэснээр аравдугаар сарын захиалга бүрэн биелж байна. Мөн БНХАУ-аас захиалсан найман мянган тонн автобензин бүрэн оруулж ирсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензиний арав хоногийн, дизель түлшний 28 хоногийн, онгоцны түлшний 36 хоногийн нөөцтэй байна.

Үүссэн нөхцөл байдал харьцангуй тогтворжиж байгаа. Арваннэгдүгээр сарын нийлүүлэлтийг нэмэгдүүлэн нийт 92 мянган тонн шатахуун импортлохоор захиалгыг баталгаажуулсан. Үүнд ОХУ-аас 70 мянган тонн, БНСУ-аас 12 мянган тонн, БНХАУ-аас найман мянган тонн, Казахстанаас гурван мянган тонн шатахуун авахаар төлөвлөсөн. Энэ нь Монгол Улсын ердийн үеийн сарын дундаж хэрэглээнээс 20 орчим мянган тонноор илүү хэмжээний захиалга юм. Иймд шатахууны нийлүүлэлт тасалдахгүй тул иргэдийг дараалал үүсгэж, шатахуун нөөцлөх шаардлагагүй.

Шатахууны нөөц хадгалах савны багтаамжийг нэмэгдүүлэх чиглэлээр "Шинэ Эрин" компанийн барьж буй 16 мянган шоо метр багтаамжтай байгууламж ашиглалтад ороход бэлэн болоод байгаа бөгөөд цаашид дотоодод дор хаяж гурван сарын нөөц хадгалах боломж бүрдүүлэхээр ажиллаж байна. Шатахууны нийлүүлэлт саатахад нөлөөлж буй нэг шалтгаан нь вагон тээврийн эргэлттэй холбоотой бөгөөд өнөөдрийн байдлаар "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн сүлжээнд шатахуунтай 1,500 орчим вагон байгаагаас Улаанбаатар хот орчимд 200 орчим вагон буюу 7–8 өдрийн хэрэглээний шатахуун бэлэн байна.

Арав, арваннэгдүгээр сар нь зуны түлшнээс өвлийн түлшинд шилждэг үе. Одоогоор өвлийн түлшний нөөц хангалттай бүрдсэн. Иймээс шатахуунтай вагонуудыг нэн яаралтай буулгаж, хоосон вагоныг ОХУ руу буцаан, вагон эргэлтийг түргэсгэх шаардлагатай байгаа. Энэ чиглэлээр УБТЗ болон Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газраар дамжуулан Оросын төмөр замын байгууллагатай хамтран ажиллаж байна.

Энэ хүрээнд энгийн АИ-92 бензинийг "Евро-92" нэрээр худалдах боломжгүйг тодотгож, сэжигтэй тохиолдолд иргэдийн мэдээллийн дагуу итгэмжлэгдсэн явуулын лаборатори газар дээр нь очиж шинжилгээ хийх боломжтой. Энэ оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр гэхэд шатахууны хяналтын цахим системийг бүрэн автоматжуулж дуусгахаар ажиллаж байгаа.

Одоогийн байдлаар нийт 264 шатахуун түгээх станцын 87 хувь нь benzin.mn системд мэдээллээ тогтмол оруулж, үлдсэн 13 хувь нь мэдээллийг хоцроож байна.

БНСУ-ын "SK Energy" болон "Hyundai Corporation"-тай хийсэн гэрээний хүрээнд ирэх хоёр жилийн хугацаанд шатахуун тогтмол импортлохоор бэлтгэлээ хангасан. Ирэх арванхоёрдугаар сарын дундаас эхлэн БНСУ-аас татан авалт тогтвортой хийнэ. БНХАУ-ын Тяньжинь, Далянь зэрэг боомтоор дамжуулан шатахуун ачих ажил хэвийн явж байгаа. Тяньжинь боомтод буусан "Лекс Ойл" компанийн 12 мянган тонн орчим Евро-92 автобензинийг арваннэгдүгээр сарын эхний 10 хоногт багтаан төмөр замаар татан авна. Мөн Замын-Үүд боомт дахь шилжүүлэн ачих 58 мянган шоо метр багтаамжтай савнаас "Эрчис ойл" төрийн өмчит компанийн 20 мянган тонн багтаамжтай савыг бүрэн суллаж, урд хөрш болон гуравдагч орноос орж ирж буй бүтээгдэхүүнийг саадгүй шилжүүлэн ачих нөхцөлийг бүрдүүлж байгаа гэлээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх