
2012 онд Ши Жиньпин эрх барих болсноосоо хойш Хятадын Коммунист Намын (ХКН) бүх шатны байгууллагад авлигыг үндсээр нь устгана гэж амласан билээ. Түүнээс хойш арав гаруй жил өнгөрсөн ч авлигын эсрэг мөрдөн шалгах ажиллагааны эрч сулраагүй хэвээр байна. Өнгөрсөн онд Хятадын сахилга хариуцлагын байгууллагууд нэг сая гаруй хүнийг, түүний дотор сайд эсвэл мужийн түвшний (болон түүнээс дээш албан тушаалтай) 100 гаруй албан тушаалтныг шалгаж эхэлжээ.
Энэ долоо хоногт болох чухал хуралд бэлтгэж буй ХКН-ын албан тушаалтнуудын хувьд сахилга бат, намынхаа өмнө хүлээсэн үнэнч байдал нь хэлэлцэх асуудлын гол цөм нь байна. Хятадын дээд түвшний улс төрийн үйл явцыг ажиглан шинжилдэг хүмүүсийн үзэж байгаагаар, намын доторх сахилга батын дутагдалтай байдал нь ХКН-ын хэлэлцүүлгүүдэд гол сэдэв болон хөндөгдөж байгаа аж.
Хятадын төрийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр "Тавдугаар бүгд хурал" (Fifth Plenum) нь "намын дотоод засаглалыг бүрэн дүүрэн, хатуу чанд бэхжүүлэхтэй холбоотой томоохон асуудлууд"-ад төвлөрөх ажээ. Намын хэллэгээр бол "засаглал" гэдэг нь сахилга бат, үнэнч байдал, авлигын эсрэг тэмцэл гэсэн утгыг илэрхийлдэг. Ши Жиньпин авлигын эсрэг тэмцлээ үргэлжлүүлж байгаа ч, мөрдөн шалгах ажиллагаа бараг үргэлж ял оноосноор төгсөж байгаа нь нэгэн асуултыг төрүүлж байна.
Шалгагдаж буй хүмүүс үнэхээр авлигад холбогдсон уу, эсвэл тэд зүгээр л эрх мэдэл бүхий хүмүүсийн улс төрийн өрсөлдөгчид юм болов уу. Лондонгийн Кингс коллежийн "Лау Хятад судлалын хүрээлэн"-гийн (Lau China Institute) захирал Керри Брауны тайлбарласнаар, сахилга бат, үнэнч байдлыг нэн тэргүүнд тавьдаг Ши Жиньпиний ертөнцийг үзэх үзэлд эдгээр хоёр ойлголтын хооронд ялгаа бараг байхгүй байж магадгүй гэжээ. Тэрбээр "Хэрэв та авлига авсан бол улс төрийн хувьд үнэнч бус байна гэсэн үг. Харин улс төрийн хувьд үнэнч хүн авлигад холбогдохгүй" гэж Браун хэлжээ. Тэрбээр ХКН-ын системд авилга нь зөвхөн материаллаг зүйл биш, мөн улс төрийн үнэнч бус байдлыг багтаасан "сүнслэг авилга" гэжээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу