ЦАХИМ НААДАМ

Л.Оюун-Эрдэнэ: Эх орон маань Азийн хүлэг улс болон хурдтай давхихын сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье

Хуваалцах:
Л.Оюун-Эрдэнэ: Эх орон маань Азийн хүлэг улс болон хурдтай давхихын сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 118, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадам Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй мандлын ногоон дэвжээнээ ёслол төгөлдөр үргэлжилж байна.   Энэ үеэр сурын асарт зочилж, сум тавьсан Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрбээр "Өнөөдөр үнэхээр сайхан наадам болж байна. Миний хувьд ажил авснаас хойш тэр жил цар тахалтай байсан учир төрийн наадам тасалдсан. Наадамгүй монгол зун гэдэг сэтгэлд нэг л зүйл дутуу мэдрэмж төрүүлдэг. Тухайн үед бүх зүйл хаалттай олон нийтийг хамарсан арга хэмжээ байхгүй цаг үе байсныг бид бүгд бараг мартсан байна.

Энэ жил төрт ёсны наадам Ардын хувьсгалын 103 жил хэд хэдэн зүйлээр онцлог болж байна. Анх удаа Монгол Улсад ардчилсан парламентийн засаглал 126 гишүүнээс бүрэлдэж хуралдлаа. 76 гишүүнтэй парламентын систем бол зөвхөн аймаг, нутаг дэвсгэрээс төлөөлөл ордог байсан бол одоо нийгмийн төрөл бүрийн салбарын дуу хоолой хувь тэнцүүлж орж ирж байгаа нь манай парламентын ардчиллын түүхэнд анхны цоо шинэ хуудас.

Маш олон хүн ярьж байна. Ерээд оны өглөө шиг мэдрэмж төрж байна гэж байна. Монгол Улсад маань шинэ 30 жил эхэлж байна. Парламентад таван намын төлөөлөл орж ирлээ. Олон улсын жишгээр бид намуудын мөрийн хөтөлбөрийг нийлүүлж, нэг сонгогчийн саналыг гээхгүй байхаар тусгаж хамтарсан мөрийн хөтөлбөр гаргаж Засгийн газар хамтарч ажиллахаар боллоо. Энэ бол шинэ үндсэн хуулийн дагуу хийж байгаа ажил. Хүмүүс маань одоохондоо дасаагүй байгаа болохоос биш Герман, Шинэ Зеланд гэх мэт улс орон ийм байдаг. Энэ маань өөрөө өмнө нь яригдаж байсан хөгжлийн томоохон төслүүд дээр эсрэг тэсрэг байр суурьтай биш гэрээ хэлэлцээр хийж зөвшилцөж аливаа асуудлыг хурдтай шийдэхийн шинэ эхлэл болов уу гэж Ерөнхий Сайдын хувьд билэгшээж байгаа.

Наадам гэдэг зөвхөн баяр биш. Цагаан сар гэдэг зөвхөн ахмадын хүндэтгэл биш. Энэ бол төрт ёсны, тусгаар тогтнолын монгол байхын дархлаа юм шүү. Тийм учраас төрийн наадам маань мөнхөд орших болтугай. Монгол сэтгэлгээ, нүүдэлчдийн ахуй, монгол монголоо гэсэн сэтгэл мөнхөд орших болтугай. Бид тэрбумуулаа, хэдэн зуун саяулаа биш, тийм учраас уураг тархи бүхэн улайстлаа ажиллаж хүн бүхэн улс орныхоо хөгжилд идэвхтэй хувь нэмрээ оруулж, байж Монгол Улс хурдаараа ялгарна.

Бүх монгол түмэндээ сайхан наадахын ерөөл өргөе. Сур мэргэн байх болтугай. Бөхчүүд маань хүчтэй байх болтугай. Энэ жил бөхчүүдээ бүсчилж дэмжих байх. Мөн морьд маань хурдан байх болтугай. Эх орон маань Азийн хүлэг улс болон хурдтай давхихын сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье" гэлээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих