Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж.
Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш
2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан. Тус компанид аудит хийж байсан Arthur Andersen нь тухайн үед дэлхийн том таван аудитын компанийн нэг байв. Гэхдээ аудитын алдаа, баримт бичиг устгасан хэрэг, эрүүгийн хариуцлагатай холбоотой 2002 онд задран унаж, дэлхийн аудитын салбар Big Five-ээс Big Four болсон түүхтэй. Энэ түүхээс хойш аудитын салбарын хараат бус хяналт, аудитын чанарын баталгаажуулалт, мэргэжлийн хариуцлагын асуудал улам чухал болж, аудитын тайланг давхар аудиталж хянадаг систем үүссэн гэхэд болно.
Тэгвэл Монгол Улсад ямар байна вэ?, гурван жил тутам шалгадаг ч яг юуг шалгадаг вэ?
Монгол Улсад аудитын байгууллагад тусгай зөвшөөрөл олгож, үйл ажиллагаанд нь хяналт тавих чиг үүргийг Сангийн яам хэрэгжүүлдэг. Тэр утгаараа ид халуун Австралид өрнөж буй үйл явдал, их тавын нэг байсан аудитын компанийн дампуурал зэргээс сургамжилж, Монголын аудитын компаниуддаа чанарын шалгалт хийдэг эсэхийг бид Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Санжаадоржоос тодрууллаа.
Сэтгүүлч: Сангийн яам аудитын компаниудад тусгай зөвшөөрөл олгож, сунгадаг. Тэгэхээр тэдний хийсэн аудит үнэн зөв эсэхэд хяналт тавьдаг уу? Тухайлбал, Австралийн Засгийн газар KPMG-г шалгаж, хараат бус хяналт хийж байна. Монголын KPMG-д ийм шалгалт хийдэг үү?
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Санжаадорж: Төрийн байгууллагууд аудит хийлгэх тендер зарлаад, хувийн аудитын компаниуд тэр тендерт ордог. Тендерт ялж аудит хийж дууссаны дараа бид шалгана гэсэн зүйл байхгүй. Хөндлөнгийн хяналт шалгалт хийдэггүй.
Сэтгүүлч: Нэг аудитын компани санхүүгийн хувьд харилцан хамааралтай байгууллагуудад зэрэг аудит хийхэд хараат бус байдал, мэдээллийн нууцлал, ашиг сонирхлын зөрчлийг хэн хянаж байна вэ? Жишээ нь KPMG Монголбанканд ч аудит хийгээд, арилжааны олонх банканд ч аудит хийж байна.
Г.Санжаадорж: Бодох л ёстой зүйл байна. Тантай санал нэг байна.
Сэтгүүлч: Хөгжлийн банкны жишээ байна. KPMG тус банкны 2020–2022 оны санхүүгийн тайланд аудит хийсэн. Гэтэл банкны санхүүгийн байдал ямар хүнд байсныг бид дараа нь УИХ дээр болсон сонсголоос харсан. Тэгэхээр KPMG-ийн аудитын чанарыг хэн шалгах юм бэ?
Г.Санжаадорж: Гомдол, хүсэлт ирвэл удирдамж гаргаад шалгалт явуулах боломжтой. Одоо бид гурван жил тутамд аудитын компаниудаа шалгаж байгаа. Гэхдээ таны хэлж байгаачлан систем талаас нь цогцоор нь харж, яг мэргэжлийн хяналт шалгалт хийдэггүй. Илүүтэйгээр орон байр, хүний нөөц, хууль журмын хэрэгжилтийг шалгадаг. Жишээ нь мэдээллээ сейфэндээ хадгалж байна уу, сейф нь хэдэн хамгаалалттай байна гэх мэт. Цаашдаа стандартаа өсгөх хэрэгтэй байна. Мэргэжлийн алдааны асуудал гарвал яах вэ гэдгийг шийдэх шийдэл алга. Эрх зүйн орчин дутмаг байна. Нэр хүнд, олон улсад хийсэн ажлаар нь л том аудит гэж үзэхээс яг үнэн аудит хийж байна уу гэдгийг хаана ч шалгахгүй байдалтай байна.
Сэтгүүлч: Тэгэхээр аудитын компани худлаа дүгнэлт гаргаад явж байвал бид мэдэхгүй байх нь ээ?
Г.Санжаадорж: Тийм л гэж үзэхээр байна.
Сангийн яамны мэдээлснээр KPMG-г хамгийн сүүлд 2025 оны хоёрдугаар сард шалгаж, шалгалтад тэнцүүлжээ. Гэвч Төрийн нарийн бичгийн даргын тайлбараас үзвэл энэ шалгалтын дүнг тухайн компанийн аудитын бүх дүгнэлт үнэн зөв байсны баталгаа гэж ойлгох боломжгүй юм.
Хөгжлийн банк: 1.03 тэрбум төгрөгийн аудит, 76 зөвлөмж
KPMG-ийн Монгол дахь аудитын ажлыг хөндөхөд Хөгжлийн банкны жишээг орхиж болохгүй. KPMG Aудит ХХК тус банкны 2020, 2021, 2022 оны санхүүгийн тайланд аудит хийжээ. KPMG Хөгжлийн банканд худал аудит хийсэн гэдгийг хэдхэн тоо дангаараа нотлохгүй. Гэхдээ гурван жил дараалан аудит хийлгэсэн банкны санхүүгийн болон зээлийн эрсдэл ноцтой хэмжээнд хүрсэн байхад аудитын ажлын чанар, эрсдэлийг хэрхэн үнэлсэн, ямар асуудлыг аудитын тайланд онцолсон, өгсөн зөвлөмжүүд яагаад бүрэн хэрэгжээгүй зэргийг хэн ч шалгаагүй, нягтлаагүй. Асуудалтай байсан байна шүү дээ гээд л Хөгжлийн банкны асуудал “хаагдсан”.
СЗХ: Чанарын аудит хийдэггүй
Аудитын байгууллагуудын хяналтын тогтолцооны талаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцаас мөн тодрууллаа.
Сэтгүүлч: Аудитын компаниудын хийсэн аудит үнэн зөв эсэхийг танай байгууллага шалгадаг уу?
СЗХ-ны дарга Т.Жамбаажамц: Олон нийтээс санхүүжилт татах гэж байгаа аудитын компаниудын бүртгэл, мэдээллийг л бид цуглуулдаг. Чанарын аудит бол бид хийдэггүй. Сангийн яам тусгай зөвшөөрлөө өгдөг учраас тэд л шалгаж, хянах ёстой. Чанар, үнэн бодитой эсэхийг бол бид мэдэхгүй байна.
Ийнхүү аудитын компаниудын үйл ажиллагааг хянах чиг үүрэгтэй хоёр төрийн байгууллагын удирдлагаас авсан тайлбараас харахад чанарын хяналт, хариуцлагын тогтолцоог илүү тодорхой болгох шаардлага байна. Гэхдээ энд нэг чухал асуудал бий. Олон улсын нягтлан бодогчдын холбооны мэдээллээр Монгол Улсад аудитын салбарын хараат бус, бие даасан хяналтын байгууллага байхгүй гэж тэмдэглэжээ. Сангийн яам хяналтын чиг үүрэгтэй, мэргэжлийн байгууллага мэргэшил, ёс зүйн хүрээнд ажилладаг ч зохицуулагчийн хараат бус байдал, бодит хэрэгжилтийн асуудал тусдаа хэвээр байна.
KPMG: Монголын компани Австралийн дуулианд ямар байр суурьтай байна вэ?
Монголын KPMG компани ёс зүй, хараат бус байдал, аудитын чанарын асуудалд ямар байр суурьтай байгааг тодруулахын тулд KPMG Aудит ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн нэг Г.Соёлмаатай холбогдлоо.
Сэтгүүлч: Австралийн KPMG-д гарсан асуудлыг та харсан уу? Нэг олон улсын брэнд, стандартын хүрээнд ажилладаг байгууллагын хувьд Монгол дахь үйл ажиллагаагаа хэрхэн баталгаажуулдаг вэ? Та бүхний аудитын чанарыг хэн шалгадаг вэ?
Г.Соёлмаа: Австралийн KPMG-д тийм зүйл болсон нь манай компанитай хамаагүй. Бид хууль номынхоо дагуу л ажиллаж байгаа.
Сэтгүүлч: Танайх аудитын дүгнэлтээ үнэн зөв, бодитой гаргасан гэдгийг хэн нотолдог юм бэ?
Г.Соёлмаа: Сангийн яам манайд хуулийнхаа дагуу давтамжтай шалгалт хийдэг. Бид шалгалтуудад нь тэнцдэг. Яагаад манай компанийг онцлоод ингэж асуугаад байгааг ойлгохгүй байна.
Сэтгүүлч: Танай компани Хөгжлийн банкны 2020–2022 оны санхүүгийн тайланд аудит хийсэн. Тус банкны санхүүгийн нөхцөл байдал, чанаргүй зээлийн хэмжээ, эрсдэлийг хэрхэн үнэлж байсан бэ? Аудитын тайландаа ямар асуудлыг онцолсон бэ?
Г.Соёлмаа: Хөгжлийн банкны асуудлыг би мэдэхгүй байна. Та нарт ямар байдлаар мэдээлэл өгөх эсэхээ ч би мэдэхгүй байна. Өмгөөлөгчтэйгөө ярилцъя.
Бид түүнээс илүү дэлгэрэнгүй тайлбар авах хүсэлт тавьсан боловч Солонгос захирлууд болон өмгөөлөгчтэйгөө ярилцаад эргэн хариу өгөхөөр болсон ч нийтлэл бэлтгэх хугацаанд хариу ирүүлээгүй юм.
KPMG-ийн Монгол дахь компани олон улсын сүлжээний нэр хүндээр үйл ажиллагаагаа таниулж, томоохон санхүүгийн байгууллагуудад үйлчилгээ үзүүлдэг компанийн хувьд аудитын чанар, хараат бус байдлаа тайлбарлах нь олон нийтийн өмнө хүлээх хариуцлагын нэг хэсэг юм.
13 тэрбум төгрөгийн гэрээний ард ямар хяналт байна вэ?
Төрийн худалдан авах ажиллагааны нээлттэй мэдээллээс харахад KPMG сүүлийн таван жилд ойролцоогоор 13 тэрбум төгрөгийн тендер авчээ. Аудит бол тайлан дээр гарын үсэг зурах төдий үйлчилгээ биш. Энэ бол банканд хадгаламжаа байршуулсан иргэн, хөрөнгө оруулалт хийсэн хувьцаа эзэмшигч, татвар төлөгч, төрийн бодлого боловсруулагчдын шийдвэрт нөлөөлдөг санхүүгийн итгэлцлийн механизм юм.
Австралид KPMG-ийн жишээн дээр шүгэл үлээгчийн мэдээлэлд хэрхэн хандсан, удирдлагын түвшинд ямар доголдол гарсан, төрийн худалдан авалтад итгэлцлийг хэрхэн сэргээхийг хараат бусаар шалгаж байна. Харин Монголд аудитын компаниудын чанарын хяналтын тогтолцоо бодит амьдрал дээр хэрхэн ажиллаж байгааг олон нийт мэдэх боломж хомс байна.
Монгол Улс санхүүгийн системдээ олон улсын аудитын компаниудыг ажиллуулж байгаа бол тэдэнд зөвхөн итгэх бус, ижил стандартаар хяналт тавих ёстой. Учир нь аудитын алдаа зөвхөн нэг компанийн нэр хүндийг унагахгүй. Харин түүнд итгэсэн олон нийтийн хөрөнгө, санхүүгийн системийн тогтвортой байдалд хохирол учруулж болзошгүй юм.
ХӨДӨЛМӨРИЙН МӨЛЖЛӨГ
KPMG Австралид гарсан асуудал нь уг нь олон жилийн өмнөх. Ажилтан нь компанийн асуудлаа илчилж, шүгэл үлээгээд байхад удирдлагууд нь тоогоогүйгээс үүдэж, энэ хүртэл ужгирсан. Монголын KPMG салбар ч ажилтнуудынхаа илүү цагийг олгодоггүй, busy season нэрээр олон цаг ажиллуулдаг, 7 хоногт ажиллах ёстой цагт нь таарахгүй, их ачаалал бүхий ажил оноодог, түүнийгээ байх ёстой зүйл мэт соёл болгон тогтоосон, Хөдөлмөрийн хуулийг олон байдлаар зөрчдөг талаар бидэнд уг компаниас удаа дараа шүгэл үлээгч нар хандсан бөгөөд Австрали салбартай төстэй асуудлууд байгаа, тиймээс хянаж шалгах шаардлага байгааг илчлээд байгаа юм. Сангийн яам KPMG Монгол салбарт хүний нөөцийн хууль дүрэм журмыг нь шалгадаг гэсэн ч дотоод шүгэл үлээгчид өөр мэдээллүүд өгөөд байгаа аж. Шүгэл үлээгчдийн мэдээллийг үргэлжлүүлэн баримттай мэдээлнэ.




