
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Шэньжэнь хотын нисэх буудалд хүрэлцэн ирэхэд нь өөрийн биеэр угтан авсан байна. Сүүлийн 50 орчим жилд БНХАУ-ын Төрийн тэргүүн гадаадын дээд хэмжээний зочныг нисэх буудалд угтан авсан тохиолдол гарч байгаагүй.
1970-аад оны сүүл үеэс хойш энэ төрлийн угтах ёслолд БНХАУ-ын талаас ихэвчлэн дэд дарга түвшний албан тушаалтан оролцсоор ирсэн юм. Ши Жиньпиний хувьд АНУ-ын Ерөнхийлөгч өнгөрсөн есдүгээр сард өөрийг нь нисэх буудалд угтаж байсныг дурдаад "БНХАУ бол ёс жудаг, харилцан хүндэтгэлийг эрхэмлэдэг уламжлалтай орон” гэж онцолжээ. Дональд Трампыг Шэньжэнь хотод хүрэлцэн ирсний дараа APEC-ийн 33 дахь удаагийн чуулганы хүндэтгэлийн зоогийн өмнө удирдагчид болон гэр бүлийн гишүүд нь албан ёсны дурсгалын зураг татуулжээ.
Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есөн жилийн дараа анх удаа удирдагчдын зураг даруулах арга хэмжээнд оролцож, Ши Жиньпин болон Дональд Трампын хамт төв хэсэгт зогссон нь анхаарал татсан үйл явдал боллоо. Ши Жиньпиний хоёр талд АНУ болон ОХУ-ын Ерөнхийлөгч нар зогссон бол БНХАУ-ын Ерөнхийлөгч болон ОХУ-ын Төрийн тэргүүний дунд Ши Жиньпиний гэргий Пэн Лиюань зогссон байна. Владимир Путины хувьд хамгийн сүүлд 2017 онд Вьетнамд болсон APEC-ийн уулзалтаар “албан ёсны дурсгалын зурагт”-т орж байлаа.
Пүрэв гарагт Ши Жиньпин, Владимир Путин болон Дональд Трамп нарын гурван талд уулзалт товлогдоод буй. Үүнээс гадна АНУ болон ОХУ-ын Төрийн тэргүүнүүд тусдаа уулзалт хийхийг Кремлиэс мэдээлжээ. Дональд Трампын хувьд тав дахь жилдээ дөхөж буй Украины дайныг эцэслэхээр тусгай элч нарыг томилсон байна. Дональд Трампын БНХАУ-д хийсэн уулзалтуудын үр дүнг АНУ-ын төлөөлөгчид холбоотон орнуудад пүрэв гарагт мэдээлнэ гэдгийг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский онцолжээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу