ТУГ ТОЙМОнцлох

Арван хоёр онд Ардын нам яагаад ялагдсан бэ!

Хуваалцах:
Арван хоёр онд Ардын нам яагаад ялагдсан бэ!

  Алив нам хагарч цуурахаараа л ялагддаг юм билээ л. Ардын нам 2010 оны арваннэгдүгээр сард уугуул анхдагч нэр МАН-аа сэргээж, МАХН хэмээх түүхэн нэг нэрээ “сэгсэрч” хаясан юм. Н.Энхбаяр тэргүүлэн уг МАХН 2000 оноос хойш УИХ-ын гурван сонгууль, Ерөнхийлөгчийн хоёр сонгуульд дараалан ялчихсан, МАХН хэмээх нэр нь тийнхүү ивээл хайраа өгсөөр л байсан үе.

Харин 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Ц.Элбэгдорж Н.Энхбаярыг ялж, Ардчилсан Ерөнхийлөгчтэй болчихсон байв. Энэ нь Н.Энхбаярын хувьд их эмзэглэлтэй, ерөөс өөрийг нь ялагдуулсан явдал МАХН-ын, түүнийг толгойлогсдын буруут явдлаас болсон гэж хатуу үзэж байв. Маш гомдолтой байв. 

Ийм үед МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх МАХН-ыг МАН болгох ажлыг гардан хэрэгжүүлж, зохион байгуулалтыг хангаад Сүхбаатар эцэгтэй, Янжмаа эхтэй Батболд хэмээх хүний үед ийнхүү уугуул нэрээ сэргээсэн нь зүйрлэшгүй бахархалт, хувь зохиолт үйл явдал болж байна хэмээж байлаа. МАХН-аас МАН нэрэнд шилжигсэд ч мөн уяралтайгаар хүлээн авч,энэ нэрэндээ баахан дотно, янаг байв.

Тэгэхэд, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нарын хашрууд баахан болгоомжлонгуй, “Ээ дээ зөв үү дээ. Одоо бид эрх барьж байна шүү дээ” хэмээж байвч зоримог омголон У.Хүрэлсүхийнхээ эсрэг үг сөрөөгүй.  Өнөөх нь ч “МАН болоод буруутвал бүх хариуцлагыг нь би үүрье” гээд хатуу зогсоод байсан цаг. Тэгээд л МАН болчихсон.

Д.Дэмбэрэл гуай УИХ-ыг нэн авьяаслаг удирдаж, эдийн засгийг сэгийтэл босгосон. Монголын бие даасан эдийн засаг маш бийлэгжүү, Монгол банк валютын нөөц бялхмал. Улс төр маш тогтвортой. Нэг ч сайдын “хамраас цус гаргаагүй”. Дашдоржийн Зоригтыг гурвантаа огцруулахаар УИХ-д оруулж ирсэн ч АН, МАН-ын хамтарсан Засаг, парламент түүнийг ерөөс албаас нь буулгаагүй байдаг. Ямартаа л спикер Д.Дэмбэрэл нэгэнтээ түүний асуудлыг УИХ-аар хэлэлцсэний дараа “Д.Зоригт сайд аа, таныг УИХ суудалд тань үлдээж байна. Гэхдээ та ард түмний оюун санаанд огцорсон сайд гэж ойлгогдохоор байна. Тиймээс ажлаа сайн хийж, нэр төрөө ол” хэмээн хэлж байв. Энэ битгий хэл 2012 оны дөрөв, тавдугаар сард Д.Загджав нарын огцруулахаар өргөн барьсан Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг ч парламент огцруулалгүй үлдээж байв. Чухам энэ үеэс л Ардын нам ялахгүйн цондон руугаа орсон юм. Гадаад хөрөнгө оруулалт өрнөөстэй, эдийн засаг 17 хувьд хүрсэн гялалзаж байв шүү дээ.

Н.Батбаяр, Г.Занданшатар, С.Бямбацогт нар гадаадаас хөрөнгө оруулагчдад хувь хэмжээ тогтооно гэж хууль санаачлаад л, чухамдаа буйлж байлаа даа.  Гэтэл юу болсон бэ гэхээр, МАН нэрийг сэргээмэгц, сонгуульд ялагдсныхаа бурууг С.Баяр, У.Хүрэлсүх нар буруутай, нам ажиллаж өгөөгүй гэж ил зарлаж эхэлсэн Намбарын Энхбаяр МАХН нэрийг өмчлөх ажилд шаламгайлан орж эхлэв. Энэ нь намын удирдлага Сү.Батболд, У.Хүрэлсүх нарын уурыг барж, намын дүү нар  Л.Оюун-Эрдэнэ тэргүүтүүд урьдчилан сэргийлж МАХН товчлол бүхий  томъёолол бүхнийг  “авсан” байв.

Гэвч МАХН нэрийг нэг л өдөр Дээд шүүх Н.Энхбаярт өгсөн бөгөөд, энэ нь Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж, Ардчилсан намын дэмжлэгтэй гэгдэж байв. Ингээд Н.Энхбаяр МАХН-ын дарга хэмээгдэн, МАН-чууд ийм нам үгүй, үгүй хэмээвч, Дээд шүүхэд ийм нам бүртгэлтэйгээр сонгуульд орох нь тодорхой байлаа.

МАН-ынхан намынхаа дотоод хэрэгт орж талцуулсан АН-ынхантай нэгийгээ үзэлцэнэ ээ гэсэн хонзон өвөртлөх нь аргагүй болсон. Энэ өс нь АН дотроо хөлөө олохгүй бужигнасан он жилүүдийн нэг шалтаг болж байсныг түүх гэрчилнэ. 

Үйл явдал хурцдаж, дөрөвдүгээр сарын 12-нд Н.Энхбаярыгаа оймсыг нь гозолзуулан хүчээр хорьж үргэлжилсэн бөгөөд тэр үед өдгөөн Эрүүл мэндийн сайд Э.Батшугар аавыг нь баривчлахаар суунаглан орж ирэгсдэд түлхэгдэн унаж байгаа бичлэг байдгийг ард түмэн олонтоо харсан билээ.  Улмаар сонгууль болоход эдийн засгийн 17 хувийн өсөлтөөсөө эхлээд маш олон эерэг үзүүлэлттэй байсан МАН сонгуульд ялагдаад хорин хэдхэн суудалтай болсон юм. Ц.Нямдорж Н.Энхбаярыг баривчлахыг телевизгүй учраас харж чадаагүй ч Ардын намаа ялагдахыг харсан юм. Ардын намынхан яагаад ялагдав гэдгээ эргэцүүлтэл эцэстээ намын нэрийг сольж, Н.Энхбаярт МАХН-ыг алдсан нь гол дүгнэлтийн суурь болсон. Нэг үгээр хэлбэл хагарал цуурал, эв нэгдэлгүйдэл.  Тэгээд 2012 онд Н.Энхбаяр эрх баригч хамтарсан хүчний нэг том дарга болж мандаж байлаа.

Нөгөө талд Ардын нам нэрээ сэргээсэн ч ялагдсан У.Хүрэлсүх хэдий шатавч, оноогдсон сонгуулийн үр дүнг яалтай билээ, шазуур зууж явтал, Гарьдхүүгийн Баярсайхан салаавч үзүүлж, энэ нь өдгөөн манай Ерөнхийлөгчид завшаан болж, салаавч өгөгчийг Төрийн ордонд шанаадаж унагаад, улмаар удалгүй өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөн, “эхнэрээ эмчлүүлнэ” хэмээн Австралид одсон бүлгээ.

Б.ЗОЛБАЯР


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
2Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих