НИЙТЛЭЛОнцлох

Манай орны Махатма нь С.Зориг байсан шүү дээ

Хуваалцах:
Манай орны Махатма нь С.Зориг байсан шүү дээ

Санжаасүрэнгийн Зориг хэмээх хүн саруул оршиж байсан бол өчигдөр 63-хан нас хүрэх байжээ. Тэрбээр Монголын ардчиллын сэрүүлэг дохион эхлэл болсоор, төд  удалгүй цаг бусаар хорвоогоос буцаад эдүгээ 27 жил өнгөрч байна.

Түүний үхэл намуудын ялалт, найзуудын нь мандал, ерөөс Монголын улс төрийн бүх гох дэгээ байсаар байна. Төрсөн дүү нь улс төрд бишгүй амжилттай явж ирсэн нь  С.Зоригийн үхлээс ангид бусаар авч үзэх зүйл биш. Хамгийн сүүлд гэхэд, эрх баригч нам өнөөдрийн амжилт, улс төрийн өргөө мөн л түүний нэр төрөөр авав. Эдүгээ түүний үхлээс үүдэж, цаг бусаар өнгөрөгсөд, хэлмэгдэгсэд, алдарт нэрэнд хүрэгсэд, улс төрийн оноо авагсад, гашуудагсад, үнэнийг олохыг хүсэгсэд бүгд бий болон нийгмийн оюун санаанд бичигджээ. Мөн энэ хүний эндэл, хорвоогоос явж одсоноос үүдэн үнэн болоод худалч, анд нөхөр бөгөөд дайсан бүгд тодорсон. Энэ бүхнийг үнэн гэхэд хэцүү. Нэг л үнэн юм шиг зүйл байгаад байдаг. Тэр бол бүгд С.Зоригт хайртай байсан нь. Үнэндээ түүнийг хайрлаагүй учраас л тэр алагдсан юм.

С.Зорийг хэргийг дөрвөн жилийн хугацаатайгаар мартах ба санадаг зүй тогтол Монголд бий болсон. Бүр тогтсон. Сонгууль дөхөөд ирэхээр түүнийг санагдуулж, хэн хөнөөсөн байж болох тухай эх адаггүй таамгыг өдөөдөг. Нийгмээрээ нэг талцан хэлэлцэж, байж  магадгүй, итгэл үнэмшлийн пи ар илүү төгс хийсэн нь сонгуульд давуу талыг авдаг. Энэ нь тогтсон үйл явц, санаатай өрнүүлдэг , өрнүүлж чаддаг сэдэв болоод удаж байна. Энэ бүхнийг эргүүлэн харж, үр дүн гараагүйг нь харахаар С. Зориг гэж хүний үхэл зөвхөн улс төрийн эрх мэдэл авах, нэгнээ гутаах, эчнээ буруутныг тогтоох л хэрэг явдал, үндэслэл болсон нь хэнд ч тодорхой билээ. Монгол улс бол хууль цаазтай, мөрддөг, тогтоодог дүрэм журамтай улс. Харин гагцхүү С. Зоригийн гэх хэрэгт очихоор л үнэн олддоггүй. Хэзээ мөдгүй тогтоон, асуудлын үнэнийг яг олох нь уу даа гэхээр сонгууль дууссан байдаг. Сонгуульд ялагсад хүссэн суудал, улс төрийн эрх ашгийнхаа төлөө нүүж эхэлсэн байдаг. Энэ мөчөөс сөнөөх С.Зоригийн хэрэг гэгчийн бүх үнэн алдагдаж, дараагийн мартагдаад, сонгууль дөхөхөөр санагддаг дөрвөн жилийнхээ цикль руу гулссан байдаг. Санжаасүрэнгийн Зориг уг нь Монголыг ардчилалтай болгосон. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өнөөдрийн тогтолцоотой болгосон анхны удирдагчдын нэг. Зүй ёсоор өнөөдөр сүнс төөрөн тарчилахгүй байх гавьяатан мөнөөс мөн.

Санжаасүрэнгийн Зоригийн үхэл түүний үнэнийг тогтоох нь Монголд эрх барьж байгаа улс төрийн нам, улс төрчид, түүний бүх цаг үеийн гарцаагүй хүсэл зориг, зайлшгүй хийх ёстой үйл байтал яг үүний эсрэг л цаг үе “бүтээгдэж” ирсэнийг Монголын нийгэм дэндүү мэдэрдэг. Дэлхийн парламентын чуулган хурлуудад С. Зоригийн гэх хэрэг, энэ тухай олон жил яригдаж, үйл явц нь иймхэн, тиймхэн төдий гэх мэдээлэл бараг гучин жил яригдаж байна. Энэ манай орны гутамшиг биш гэж үү. Улс орон үнэт зүйл болсон удирдагчаа дээдлэн шүтэж, түүнээсээ итгэл үнэмшлээ лавшруулдаг. Үнэт зүйлийн нь дагуу замнадаг. Махатма Ганди , Дэн Сио Пин гээд л захаас аваад нэрлэнэ. Манай орны Махатма нь С.Зориг байсан шүү дээ. Түүнээс нэг хөшөө л үлдэж. Цэцэг тавих нэг өдөртэй. Төрсөн өдөр нь. Бусад бүх цагт Монголчууд түүнээс “урваж” амьдарлаа даа...

З.БАЯР


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
2Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих