
COVID-19 халдвартай холбогдсон Есүсийн Шинхеонжи сүмийн байрнуудад БНСУ-ын Засгийн газраас шалгалт хийж эхэлжээ. Коронавирусийн тархалтыг зогсоох үүднээс тус улсын Засгийн газраас шалгалт явуулж байгаа ч сүмийн зүгээс итгэгч болон дагагчдын тоогоо нууцалж байгаа аж.
KCDC агентлагийн мэдээлснээр эрүүл мэндийн байгууллагын холбогдох ажилтнууд болон Дээд прокурорын газрын шүүх шинжилгээний мэргэжилтнүүдээс бүрдсэн хамтарсан мөрдөн байцаах баг Кёнги мужийн Гвачеон хотод байрлах Шинхэонжи төв байранд нэгжлэг хийгээд байгаа аж.
Хэдийгээр сүмийн итгэгч, дагагчдаас халдвар илэрсний дараа цуглаанд явдаг хүмүүсийн талаар мэдээлэл авч, шинжилгээ хийсэн ч дутуу мэдээлэл өгсөн гэж үзэн хамтарсан мөрдөн байцаах баг сүмийн идэвхтэй гишүүд, сургагч багш нарын нэрсийн жагсаалт, тэдний ирцийн бүртгэл, улсын хэмжээнд байгууламжуудын хаягуудыг шалгаж байгаа ажээ.




