
Дональд Трамп Жуниор наймдугаар сард Оросын олигарх Умар Кремлевтэй хамт Монголын алслагдсан бүс нутагт ан хийхээр очсон тухай мэдээлэл гарчээ. Умар Кремлев нь Трамп Жуниорын хуримын зардлыг даасан нэгэн бөгөөд тэдний энэхүү харилцааны талаарх мэдээлэл нь Ерөнхийлөгч Дональд Трампыг бухимдуулсан тухай мэдээлэл цацагджээ. Кремлев Жуниорын хамт наймдугаар сард баруун Монгол руу хийсэн хоёр өдрийн ан агнуурын аялалдаа хамт явсан бөгөөд тэд Алтайн аргаль агнасан талаар “Financial Times” сонин олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн постууд, нислэгийн хяналтын мэдээлэл, орон нутгийн эх сурвалжууд болон олон нийтийн бүртгэлээс иш татан мэдээлжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ойр дотно харилцаатай, дуулиан шуугианд ихээр өртсөн Олон улсын боксын холбооны тэргүүн Кремлев болон Трамп Жуниор нарын харилцаа анх есдүгээр сард олны анхаарлыг татсан юм. Учир нь, Трамп Жуниор болон түүний эхнэр Беттина нар энэ оны эхээр Багамын арлууд дахь хувийн арлууд дээр зохион байгуулсан сүрлэг хуримынх нь зардлыг төлөхөд Кремлев тусалсан болохыг хүлээн зөвшөөрсөн билээ. Беттина Трамп уг төлбөрийг найзын зүгээс барьсан туйлын өгөөмөр хуримын бэлэг хэмээн тайлбарласан бол хуриманд оролцоогүй Ерөнхийлөгч Трамп сэтгүүлчдэд "Миний ойлгосноор бол тэр (Трамп Жуниор) мөнгийг нь буцааж төлсөн, тэр ийм зүйл хүсээгүй" гэжээ.
“ProPublica”-гийн мэдээлснээр, Кремлев тавдугаар сард болсон хуримын арга хэмжээнд хэдэн зуун мянган ам.доллар зарцуулсан бөгөөд үүнд салют буудуулах ажиллагаа болон бусад зохион байгуулалтын зардал багтсан байна. Беттина Трамп өөрийн Инстаграм хуудсандаа бичихдээ, Кремлев хуримын ёслолд биечлэн оролцоогүй гэжээ. Хосууд Багамын арлууд руу явахаасаа өмнө хуримын ёслолоо хаалттай хүрээнд хийсэн бөгөөд Багамын арлуудад тэдэнтэй гэр бүл, найз нөхдийнх нь 50 орчим хүн, тэр дундаа Иванка Трамп, Жаред Кушнер, Эрик Трамп, Тиффани Трамп нар нэгдсэн байна. Хурим болохоос хэдхэн хоногийн өмнө Кремлев Путиний Хятад руу хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд багтаж явжээ.
Конгрессын Ардчилсан намынхан Трамп Жуниорын Кремлевтэй холбоотой харилцааны талаар мөрдөн байцаалт эхлүүлсэн бөгөөд тэрбээр хуримын зардлыг санхүүжүүлэхэд нь тусалсан нь ил болсон.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу