
НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2012 оноос эхлэн 10-р сарын 11-ний өдрийг Олон Улсын Охидын өдөр болгон тунхагласнаас хойш дэлхийн 193 оронд тус өдрийг тэмдэглэж байна. Тус өдрийг тохиолдуулан охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, боловсрол эзэмшүүлж, хөгжүүлэхэд нь анхаарал хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхийг зорьсоор иржээ.
Гүүд Нэйборс ОУТББ нь зорилтот бүлгийн тусламж шаардлагатай 10-16 насны 1200 охидод зориулан жилд 2 удаа 6 сарын хэрэглээ бүхий ариун цэврийн хэрэглэлийн багц болон мэргэжлийн сэтгэл зүйчийн зөвлөгөө, нөхөн үржихүйн эрүүл ахуйн сургалтыг хүргэхээр “ ГЭРЭЛТ ОХИД ОО” кампанит ажлыг зохион байгуулж байгаа билээ.
Эмэгтэйчүүд сар бүр ариун цэврийн хэрэглэлийн зардалд дунджаар 18000 төгрөг зарцуулдаг бол амьдралын баталгаажих төвшнөөс доогуур орлоготой, зорилтот бүлгийн өрхийн өсвөр насны охид эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн хэрэглэл худалдан авч хэрэглэнэ гэдэг боломжгүй зүйл гэдгийг охид хүүрнэсэн юм.
Ялангуяа өрх толгойлсон аав, өвөөтэйгөө амьдардаг охид, өсвөр насны 3-аас дээш охидтой өрхүүд, эцэг эх нь үл хайхардаг охидын хувьд сарын тэмдгийн үеийн бэрхшээл маш хүнд тусдаг ажээ.
Өсвөр насны охидыг дэмжих “ГЭРЭЛТ ОХИД ОО” төсөл хэрэгжих эхэлснээс хойш өдөр, шөнө, өдөр тутмын ариун цэврийн хэрэглэл, дулаан оймс, үсний боолт, хуурай болон нойтон арчуур, дотоож, сарын тэмдгийн хуанли, өсвөр насны охидод зориулсан эрүүл ахуйн зөвлөмж бүхий ариун цэврийн хэрэглэл, эрүүл ахуйн багцыг зорилтот бүлгийн охидууддаа хүргэж эхлээд байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу