НИЙГЭМ

Ц.Ганцэцэг: Нийгмийн даатгал бол ирээдүйд учрах эрсдлээс хамгаалах цогц арга хэмжээ юм

Хуваалцах:
Ц.Ганцэцэг: Нийгмийн даатгал бол ирээдүйд учрах эрсдлээс хамгаалах цогц арга хэмжээ юм

Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэгтэй ярилцлаа.

-Сүүлийн үед иргэд олон нийтийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэл төлсний ач холбогдол алга байна гэж их ярих боллоо. Өөрөөр хэлбэл насаараа нийгмийн даатгал төлчихөөд түүнийхээ үр шимийг хүртэж чадахгүй байна гэж ярьж байгаа хүн олон байна.  Энэ талаар та мэргэжлийн байгууллагын хүний хувьд ямар хариулт өгөх вэ?

-Нийгмийн даатгал гэдэг маань ажил хөдөлмөр эрхэлж байгаа эсвэл хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн хувьд ирээдүйд учрах нийгмийн эрсдлээс хамгаалах цогц арга хэмжээ юм. Нийгмийн эрсдэл гэдэгт хөгшрөлт, хөдөлмөрийн чадвараа алдах, мөн өвчин тусах, группт орох, ажилгүй болох, хүүхэд төрүүлэх зэрэг маш олон эрсдэлүүд багтдаг. Эдгээр эрсдлүүдээс үүдэн жирийн иргэд маш олон санхүүгийн хүндрэлд ордог. Өөрөөр хэлбэл нэгэнт ийм байдлаас болоод ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон болон мөн ААН байгууллага нь цалин хөлс өгөх боломжгүй, орлого нь буурах зэрэг ийм олон эрсдлүүд үүсэн гарч болох учраас хэрвээ тухайн хүн нийгмийн даатгалд хамрагдсан бол эдгээр эрсдэлийн үед санхүүгийн хувьд хамгаалагдах боломж бүрдэнэ. 

Нийгмийн даатгал нь өөрөө тэтгэврийн даатгал, тэтгэмжийн даатгал, эрүүл мэндийн даатгал, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал, ажилгүйдлийн даатгал гэсэн таван төрөлтэй байдаг. Энэ үүднээсээ өнөөдөр манай улсын маш олон иргэд дээр өгүүлсэн тусламж үйлчилгээ шаардлагатай тохиолдолд нийгмийн даатгалын хуулиар тогтоосон нөхцөлийн дагуу тэтгэвэр тэтгэмж авч байна. Энэ утгаараа нийгмийн даатгалын үр ашгийг өнөөдөр маш олон хүн хүртэж байна гэж ойлгож болно. Нийгмийн даатгалын хувьд монгол улсын нийт нутаг дэвсгэр, хүн амыг хамарсан том үечлэлтэй байдаг.

Энд би хамгийн сүүлд гаргасан тоон мэдээллийг та бүхэнд хэлье. Өнөөдөр сүүлийн хоёр сарын байдлаар нийгмийн даатгалын сангаас сар бүр 448,3 мянган хүн тэтгэвэр авсан байна. Мөн тэтгэмжийн даатгалын сангаас 23,6 мянган хүн хөдөлмөрийн чадвар алдсаны, жирэмсний, оршуулгын тэтгэмжийг авсан бол үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан даатгалын сангаас 4500 хүн тэтгэвэр тэтгэмж авсан байна. Бас ажилгүйдлийн даатгалын сангаас 4624 хүн тэтгэмж аваад байна.

Ингэснээр нийтдээ эхний хоёр сарын байдлаар нийт 481 мянган хүн нийгмийн даатгалын үйлчилгээ авсан тоон мэдээлэл байна. Энэ үйлчилгээг нийт дүнгээр нь авч үзвэл 415,7 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын сангаас зарцуулсан дүн мэдээтэй байна. Хэрвээ эдгээр хүмүүс нийгмийн даатгалд даатгуулаагүй байсан бол өнөөдөр ийм хэмжээний мөнгийг хүмүүс өөрөөсөө гаргах нөхцөл байдалд орох байсан. Тийм болохоор тэр хэрээрээ нийгмийн даатгал гэдэг маань өнөөдөр тухайн даатгуулагч хүний санхүүгийн эрсдэлийг хамгаалаад явж байдгаараа давуу талтай юм.  

-Сүүлийн үед НДЕГ-аас цар тахалтай холбогдуулан ААН болон хувь хүний нийгмийн даатгалыг хэрхэн яаж шийдвэрлэж байгаа вэ? 

-“Ковид-19” цар тахал гарсантай холбогдуулан манай байгууллагаас иргэдийг заавал нийгмийн даатгалын хэлтэс дээр өөрийн биеэр очиж ажил үйлчилгээ авахгүйгээр цахим хэлбэрт оруулан зохион байгуулж байна. Тухайлбал нийгмийн даатгалын сайн дурын даатгалыг өнгөрсөн оноос эхлэн гар утасны апликейшн ашиглаж төлөх ийм боломжийг бүрдүүлсэн. ААН байгууллагын хувьд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа цахимаар өгөөд явж байгаа. Дээрээс нь нийгмийн даатгалын лавлагааг энэ 2021 оны 1-р сарын 1-нээс Сангийн сайд, ХХНХЯ-ын сайдын хамтарсан тушаалаар нийгмийн даатгалын маягтуудаа шинэчилээд энэ дундаа нийгмийн даатгалын дэвтрийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлсэн.

Тэгэхээр нийгмийн даатгалын дэвтрийг энэ 2021 оноос эхлэн заавал дэвтэр нээж баталгаажуулахгүйгээр лавлагаа тодорхойлолтоо ашиглаад нийгмийн даатгалын мэдээллийн санд байгаа тэр мэдээллийг даатгуулагч авч ажил оглогч, хувь хүн, даатгуулагчид зориулсан веб програм юмуу, гар утасны аплекейшнээрээ дамжуулан авах боломжууд нь бүрэн нээлттэй болсон. Дээрээс нь бид “ТҮЦ машин”, “И-монголиа цахим хөтөлбөр”, “Хур систем”, гэх мэт төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системээр нийгмийн даатгалын үйлчилгээнүүд тэр дундаа лавлагаа, тодорхойлолтыг авах боломжыг бүрдүүллээ.

Тэр үүднээсээ эдгээр боломжууд бүрдсэнээр ажилтан албан хаагч, иргэд олон нийт заавал нийгмийн даатгалын хэлтэс дээр очиж дэвтрээ баталгаажуулж авах шаардлагагүй болсон. Мөн нөгөө талаас нийгмийн даатгалын дэвтэр цахим хэлбэрт шилжсэнээр ААН байгууллагуудын хувьд нийгмийн даатгалын дэвтэр дээр бичилт хийх гэх мэт цаг зав үрсэн ажлыг болиулснаараа маш их ач холбогдолтой болсон. Дээрээс нь манай байгуулллагаас нийгмийн даатгалын байгууллага дээр очиж тэтгэвэр тогтоолгосноос хойш 12 сар тутам шимтгэл төлсөн бол очиж тэтгэвэрээ өөрчлүүлдэг болон хөдөлмөрийн чадвар алдалтаа эмнэлэг хөдөлмөрийг магадлах комиссоор тогтоолгосон тохиолдолд заавал нийгмийн даатгалын хэлтэс дээр очиж тэтгэвэр тэтгэмжээ өөрчлүүлдэг байсан зэрэг энэ бүх процессуудыг бүрэн цахимжуулаад байна. 

 

Ж.Батдорж 


Хуваалцах:
0Хаха
2Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх