МОНГОЛДООСПОРТОнцлох

Япон дахь Монголчуудын "Хаврын баяр" онлайнаар явагдана

Хуваалцах:
Япон дахь Монголчуудын "Хаврын баяр" онлайнаар явагдана

Жил бүр уламжлал болон явагддаг Япон дахь Монголчуудын "Хаврын баяр" энэ жил цахимаар явагдах боллоо.

1999 оноос эхэлсэн тус баяр Наран улсад амьдарч, ажиллаж, суралцаж байгаа Монголчуудын хамгийн том баяр юм. Өнгөрсөн жил цар тахлын улмаас цуцлагдсан тус баярыг энэ жил цахимаар зохион байгуулахаар болжээ. Цар тахалын аюул намжаагүй байгаа ч энэ жил баярыг заавал зохион байгуулах болсон нэгэн том шалтгаан бол "Токио-2020" олимпийн наадам юм. Жил бүрийн "Хаврын баяр"-ын арга хэмжээний томоохон хэсэг нь спортын тэмцээн уралдаан байдаг. Манай алдарт сүмо бөхчүүд бөх, уралдаан зэрэг спортын тэмцээнийг ивээн тэтгэж, шагнал гардуулдаг, зарим үед өөрсдөө ч барилддаг уламжлалтай.

Нэг жил хойшлогдсон Токиогийн олимпийн наадам долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8 хүртэл үргэлжилнэ. Шинэ төрлийн коронавирусний халдвараас сэргийлэн, энэ удаад олимпийн наадамд гадаадын үзэгчдийг хүлээн авахгүй болсон. Харин дотоодын үзэгчдийг цэнгэлдэх хүрээлэнд оруулах эсэхийг ирэх зургадугаар сард шийдэх юм. Хэрэв дотоодын спорт сонирхогчдод олимпийн наадмыг үзэх зөвшөөрөл олгох юм бол манай олимпийн шигшээ багийг дэмжих гол хүмүүс бол Японд аж төрж байгаа монголчууд, Монгол улсыг дэмжин, хамтран ажилладаг япончууд болох учиртай билээ. Энэ утгаараа энэ жилийн "Хаврын баяр" манай тамирчдын хувьд чухал үйл явдал болж байна.

Хаврын баярт манай улсын иргэдээс гадна Монголд элэгтэй япончууд, Монголын шигшээ багийг олимпийн үеэр хүлээн авах хотын төлөөлөгчид оролцох болно. Их аварга Хакүхо М.Даваажаргал тэргүүтэй сүмочид болон Монгол улсаас Токитэнкү А.Хүчитбаатар агсны гэрбүл оролцох юм.

Японы Намэгата хот – Хүндийг өргөлт, Яхико – Байт харваа, Изүмисано – Хөнгөн атлетик, Сакүрагава – Буудлага, Имабэцү – туялзуур сэлэм, Изүнокүни – жүдо, Шимада хот – Бокс, ширээний теннисний багийг хүлээн авч, дэмжихэд бэлэн болоод байгаа.

Энэхүү баярт зориулж Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, дэд ерөнхийлөгч Чойжгаваагийн Наранбаатар мэндчилгээ илгээлээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
1Пөөх