МЭДЭЭОнцлох

Баянхонгорчууд наян жилийн түүхэн ойдоо зориулж номын цагаан суварга бүтээжээ

Хуваалцах:
Баянхонгорчууд наян жилийн түүхэн ойдоо зориулж номын цагаан суварга бүтээжээ

Энэ удаа бид Баянхонгор аймгийнхаа 80 жилийн түүхт ойг тохиолдуулж хэвлэн гаргасан Архивын баримтын эмхэтгэл буюу “БАЯНХОНГОР АЙМГИЙН ТҮҮХ-МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ” “МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ-ДЭЛХИЙН ТҮҮХ” нэртэй боть номыг тоймлон танилцуулж байна.

Нийт найман бүлэг бүхий 600 хуудас уг ном нь Манжийн эрхшээлийн үеийн болон олноо өргөгдсөн Монгол улсын аймаг хошуудын түүхээс эхлээд Баянхонгор аймгийн түүхэнд холбогдох хошуу шавийн архивын баримтын дээж, Бөмбөгөр хэмээх одоогийн Баянхонгор аймаг байгуулагдсан тухай түүхэн мэдээлэл зэрэг маш олон чухал архивын баримтыг багтаасан судалгааны томоохон гарын авлага болжээ.

Ийнхүү Баянхонгор аймгийн болон Монгол улсын Засаг захиргааны эрт, эдүгээгийн түүхэн мэдээллийг нэгтгэн эмхэтгэснээр Иргэд ураг удмаа судлах, сум, байгууллагууд түүхээ бичих, сан бүрдүүлэх, ном товхимол бэлдэх зэрэгтээ архивд сууж лавлагаа хийлгэх ажлыг бага боловч хөнгөлөхийн зэрэгцээ орон нутгийн Төрийн архивын түүхэнд анх удаа архивын баримтыг нэгтгэн боловсруулж, эмхэтгэл болгосон онцлогтой.

Баянхонгорчууд наян жилийн түүхэн ойдоо зориулж номын цагаан суварга бүтээжээ

Аймаг орон нутгийнхаа түүхийг хойч үедээ таниулахаар 80 жилийн түүхэн ойдоо зориулж бүтээсэн энэхүү номын цагаан суваргад Монгол улсын аймаг, хошуу, шавиудын засаг захиргаа, нэрийн өөрчлөлт, түүхэн сонирхолтой уг эхүүд, ховор нандин газар, нутаг, нэр зэргийн зургууд, тамганы дурсгал, анхны 13 аймаг болон Баянхонгор аймаг байгуулсан тухай, нийт сумдын захиргааны түүхэн зохион байгуулалт, Төрийн дээд байгууллагуудаас Баянхонгор аймгийн талаар гаргасан шийдвэрүүдийн эх материалыг хуулбарлан оруулжээ. Түүнчлэн хүн ам, боловсрол, эрүүл мэнд, төсөв санхүү, малын тоо зэрэг үндсэн үзүүлэлтийг 1942-2021 он буюу 80 жилээр эмхэтгэн нийтэлсэн байна.

Ташрамд дуулгахад, БАЯНХОНГОР АЙМГИЙН 80 ЖИЛИЙН ТҮҮХТ ОЙГ ТОХИОЛДУУЛЖ гаргасан энэхүү эмхэтгэлийг бэлтгэн гаргахад аймгийн Засаг дарга болон Тамгын газар, 80 жилийн ойн комисс, Архивын ерөнхий газар, Үндэсний төв архив, Засгийн газрын архив, Геодези зураг зүйн газрын архив, Төрийн архивын ажилтнууд, Музей, “Мөнхийн үсэг”ХХК тус тус дэмжин ажиллажээ.

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
1Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих