
Дэд дарга нар ерөнхийдөө бэлгэ тэмдгийн шинжтэй байж, ерөнхий нарийн бичигт эрх мэдэл төвлөрөх байх
АН-ын хурлын үр дүнг нийтээр талархан хүлээж авав гэхэд дэгсдүүлсэн болохгүй байх. Улс нийгмээр сөрөг хүчнээр ангаж байгаа нь хурлын үйл явцыг дэмжсэн уур амьсгал, шүүмжилж сөрөх, хагаргаж бутаргах байдал нийгмийн сүлжээнд цөөн байснаар нотлогдох шиг. Эрх баригч хүчин ч тун чимээгүй анхааралтай ажиглалаа. Бараг л муудчихалгүй хурлаа гүйцээгээсэй гэсэн хандлага нийтэд байна. Эрх хүүхдээ аргадаж байгаа мэт. Гэхдээ хурал эхэндээ замбараагүйтэх хандлагатай байсан ч намын дарга үгээ хэлснээр эмхэрч цэгцэрсэн аж. Дотооддоо хэлсэн гол мээсэж би та нарыг сонссон, одоо намайг сонсох уу гэсэн үг заалыг тайван болгожээ.
Фракцуудынхаа зөрчил, эрх мэдлээ тавьж чаддаггүй бурхинуудын уршгаар алга болчихоо дөхсөн АН Л.Гантөмөр гэдэг даргатай болсноос хойш олон нийтэд бага атугай итгэл найдвар төрүүлж эхэлсэн. Намын даргыг хүүхдийн сургалтын зээлээс эхлээд хэд хэдэн янзаар өдөөн хатгаж, унагах оролдлого явагдсан ч тэр зөв тактик, нам гүм хариултаар асуудлыг холдуулж чадав. Угаас АН-ын даргыг дахин хөндөх нийгмийн сэтгэл зүй ч байгаагүй, АН өөрөө ч оролдсонгүй. Дахин бужигнаж байх цаг хугацаа байхгүй болсон л доо.
Л.Гантөмөр дарга болсноос хойшхи хамгийн чухал, зодоон гарч мэдэх зохион байгуулалтын хурал өчигдөр боллоо. Бэлтгэл тохирооогоо сайн базаасан бололтой томилгоо амжилттай болов. Удирдлагын нэлээд түм бүтэцтэй болж, фракцуудын төлөөллийг хангав. Томруулж байж дотоод зөрчлөө дарж зохицуулах шийдэл олжээ.
Тэргүүн дэд дарга С.Баярцогт болон 15 дэд даргын нас туршлага, жендерийн харилцаа боломжийн болох шиг боллоо. Ерөнхий нарийн бичгийн дарга тодорсонгүй. ҮБХ ротаци явагдаж, бүрдсэний дараа ерөнхий нарийн бичгээ намын дарга сонордуулснаар батламжилна. Олон хүний нэр яригдаж байсан боловч бүгд дэд дарга болов. Явуулж байсан нэрсээс З. Нарантуяа, Х.Тэмүүжин тунаран үлдэв. Магадлал өндөр авч намын дарга ямар сюрприз барихыг таашгүй. Дэд дарга нар ерөнхийдөө бэлгэ тэмдгийн шинжтэй, фракцуудынхаа төлөөлөл болж, бодлогын асуудалд түлхүү анхаарах биз. Харин ерөнхий нарийн бичгийн даргад эрх мэдэл зангидагдах байх.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу