
Дэлхийн алдарт "T-Ara" хамтлаг 2014 онд Монгол Улсад тоглолтоо хийхэд, тэдний тайзан дээр 10 настай бяцхан Монгол охин гарч, өөртөө итгэлтэй байдлаараа олныг шуугиулсныг зарим үзэгчид маань санаж байгаа биз ээ. Тэр охин бол "Авьяаслаг Монголчууд-2023" шоуны 3-р байрын эзэн "Cherry Bomb" хамтлагийн ахлагч Д.Ариунзаяа юм.
Цаг мөч тутам сайжирч, хөгжиж, хувьсаж байдаг хүмүүс аливаа хийж буй зүйлийнхээ оргилд хүрдэг гэдэг шиг тэрээр одоо репперийн карьераа эхлүүлээд байгаа аж. "Aryanna" нь шинэ үеийн репперүүд дундаас хүлээн зөвшөөрөгдсөн артистууд болох "Young Mo G", "Young Sub" нартай ч дуу хийгээд амжжээ. Эерэг энерги, эрч хүч дүүрэн түүнтэй урьдын амжилт, уран бүтээлийнх нь талаар ярилцсaнаа та бүхэнд хүргэж байна.
- Сайн байна уу? Шинээр гарч ирж буй уран бүтээлч болохоор манай зарим үзэгчид мэдэхгүй байгаа байх. Юуны өмнө өөрийгөө танилцуулаач.
- Сайн байцгаана уу? Намайг Д.Ариунзаяа гэдэг. Артист нэр маань болохоор “Aryanna”. Одоо удахгүй өөрийнхөө дууг гаргах гээд бэлдээд явж байгаа шинэ уран бүтээлч байна
- Монголд эмэгтэй реппер тоотой хэд бий. Таны хувьд яагаад реппер болъё гэж шийдсэн бэ?
- Би багаасаа бүжиглэх дуртай байж байгаад сүүлийн хэдэн жил дуулах гэж оролдож үзээд, дуулж эхэлж байгаа. Сүүлийн нэг жил бол ялангуяа, дуу гэхээсээ илүү реп хийж эхэлсэн. Гэхдээ би чинь бага байхаасаа дууны үг хурдан цээжилчихдэг, реп хэсгийг нь дагаж дуулдаг байлаа. 2014 онд Монголд “T-Ara” хамтлаг ирэх үед “T-Ara” хамтлагийн дууг би ковер хийж байгаад шалгараад, яг тоглолт дээр нь Вьетнам Улсаас тэмцээнд түрүүлээд ирсэн нэг эгчтэй хамт дуулж байсан. Тэгэхэд чинь би дөнгөж 10, 11 настай л байсан байх. Төв цэнгэлдэхийн маш том тайзан дээр тийм жаахан охин гараад л, урагшаагаа засчихсан “Т” хэлбэрийн тайзан дээр хамт дуулж байсан эгчийгээ хаяад л, урагшаагаа ганцаараа сүртэй алхаад л.../инээв/. Тэгээд л манай гэрийнхэн ч, үзэгчид ч “Ёстой мундаг байлаа. Жаахан гэхэд ийм, тийм байлаа” гээд магтаж байсан нь санагддаг юм.
- "Авьяаслаг Монголчууд" шоунд "Cherry Bomb" хамтлагтайгаа нэлээн том амжилт үзүүлсэн шүү дээ. Анх "Cherry Bomb" хамтлагаа ямар шалтгааны улмаас үүсгэн байгуулж байв?
- 2020 онд би хэдэн найзуудтайгаа нийлж байгаад “Хэдүүлээ хөөрхөн бүжиглээд бичлэг хийгээд үзье” гээд бичлэг хийж үзсэн чинь их өндөр хандалт авч байсан. Монгол даяараа хүмүүс үзээд, хүмүүс ам сайтай магтаад л... Тэгээд тэр бичлэгээсээ урамшиж, “За, хэдүүлээ үүнийг хийвэл болох юм байна. Цааш цаашдаа энэ хамтлагаа яг ажил болгоод, сонирхлын хувьд биш. Яг гоё ажил талаас нь хараад, үүнийг өргөжүүлээд явъя” гээд бид хэд “Cherry bomb” хамтлагаа нээж байсан. Одоо яг анх ярьж байсан шиг ээ зүгээр хамтлаг байж байгаад сүүлдээ бүжгийн студи болоод, бүжгийн студиэсээ цаашлаад бид хэд дуу гаргадаг болоод одоог хүртэл өргөжсөөр байгаа. Бид хэд өмнө жил “Авьяаслаг Монголчууд”-д нэлээн амжилттай оролцоод Монголын ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээгээд 3-р байранд шалгарсан.
- Сүүлд Монголын хип хопын шинэ үеийн төлөөлөл болсон хоёр реппертэй дуу хийлээ шүү дээ. Танд өөрт чинь санал тавьсан уу, яаж хамтарсан бэ?
- “Young Kings” гээд дуу саяхан, сарын өмнө гарсан. Тэрэн дээр “Young Mo G”, “Young Sub”, “Trauma” гээд гурван уран бүтээлчтэй хамтарсан. Тэр дуунд орсон түүх минь их сонирхолтой. “Cypher challenge” гээд реп хийдэг хүүхдүүдийн дунд тэмцээн зохиогоод “Young Mo G”, “Young Sub” хоёр тэрэн дундаас харж байгаад, "шилдэг" гэж бодсон хоёр уран бүтээлчээ сонгоод хамтрал хийсэн юм. Тэрэнд нь “Trauma” гээд залуу бид хоёр сонгогдоод тэр дууг гаргасан.
- Цаашид репперийн карьераа үргэлжлүүлээд явна гээд шийдчихсэн үү?
- Саяны тэр “Young Kings” гээд “cypher challenge”-д оролцоход маш олон хүн магтаж, дэмжсэн. Зөвхөн үзэгчид гэлтгүй хип хоп хийдэг, миний сонсож үлгэр дуурайлал авдаг хүмүүс хүртэл орж ирээд намайг дэмжээд “Гоё байна. Ахын дүү ийм байна, тийм байна” гээд л маш их урам зориг авсан. “Дотроос хүсэж байгаа юм маань энэ байгаа. Дээрээс нь хүмүүсийн харж байгаагаар надад чадвар, боломж бололцоо байгаа юм байна. Тийм юм чинь үүгээрээ яваад үзье” гээд шийдчихсэн байгаа. Тэгээд саяхан “Erdene label”-д соло артистаар орчихсон байгаа. 11 сарын сүүлээр 2-3 дуу цацах гээд бэлдээд байж байгаа.
- "Cherry Bomb" хамтлагаараа одоо ямар ажлуудыг хийж байна вэ?
- Бид саяхан хамтлагаараа нэг дуу цацсан. Цаашид зөвхөн дуу гэлтгүй хамтлагийнхаа хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд туслах зорилготой байна. Би өөрөө жаахан байхдаа “Хэрвээ намайг дэмжээд өгдөг ийм газар байвал. Би тэнд очоод бүх хичээл зүтгэлээ гаргаад гоё уран бүтээл гаргаад явах юм сан” гэж хүсдэг байсан үе маш их байдаг. Яг одоо яг над шиг жаахан дүү нартаа гүүр нь болж өгөх тэр зүйлийг хийхийн төлөө маш их хичээж ажиллаж байгаа. Тогтмол бага насны хүүхдүүдийг сонгон шалгаруулалтдаа оруулаад, хүүхдүүдийгээ бэлтгээд, чаддаг мэддэг юмаа заагаад явдаг.
- Холын зорилго гэвэл юу байна вэ?
- Зөвхөн Монгол дуу, бүжиг гэлтгүйгээр бидний өв уламжлал, Монголын түүх, соёл дэндүү арвин баялаг. Бусад улс орны тэр язгуур урлаг, ардын дуу, бүжиг гэх мэт зүйлстэй харьцуулах юм бол Монголын тэр баялаг бол надад маш уудам, хязгааргүй санагддаг. Тийм болохоор тэрийг дэлхий дахинд орчин үеийн энэ урлагтай уялдуулаад, дэлхий дахины хүн болгон сонсоход чихэнд нь наалдахуйц тийм уран бүтээлүүдийг цаашдаа хийе гэсэн зорилготой байгаа.
- Урилгыг минь хүлээн авч ярилцсанд баярлалаа.
- Баярлалаа.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу