
Монгол орны тухай ярихад хамгийн түрүүнд уудам тал нутаг, уламжлалт гэр, нүүдэлчдийн соёл урлаг санаанд орж ирдэг. Монгол Улс 61.4 сая тонн зэс, 1.84 тэрбум тонн төмрийн хүдэр, 33.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй уул уурхайн асар их баялагтай. Орчин үеийн анхны томоохон уурхай болох Налайхын нүүрсний уурхай нь 1922 онд нийслэл Улаанбаатар хотын ойролцоо байгуулагдсан ч 1990-ээд оны эхэн үед буюу Зөвлөлт Холбоот Улстай нягт уялдаатай социалист орноос ардчилсан чөлөөт зах зээлд шилжсэн үед л уул уурхайн томоохон ажил өрнөж эхэлсэн. Тус нүүрсний гуравны нэг орчим хувь нь гангийн үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай коксжих нүүрс бөгөөд энэ нь тэсэлгээний зууханд эрчим хүчний эх үүсвэр болдог. Нүүрс нь Монгол Улсын ДНБ-ий 12 хувийг бүрдүүлж, нийт экспортын талаас илүү хувийг бүрдүүлдэг.
Монгол Улс нь дэлхийн нийт үйлдвэрлэлийн талаас илүү хувийг үйлдвэрлэдэг дэлхийн хамгийн том ган үйлдвэрлэгч Хятадтай хиллэдэг бөгөөд импортын коксжих нүүрсэнд ихээхэн түшиглэдэг.
2025 оны эхний хагаст Хятад улс 58 сая гаруй тонн ган экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.2 хувиар өссөн үзүүлэлт болсон нь Азийн хөгжиж буй орнуудын хотжилт, дэд бүтцийн бүтээн байгуулалт нэмэгдсэнтэй холбоотой юм.
Ганцмодны төмөр зам 2022 онд ашиглалтад орсон. Энэ нь Монголын өмнийн говийн бүсэд орших, дэлхийн хамгийн том ашиглагдаагүй коксжих нүүрсний ордуудын нэг болох Тавантолгойн ордыг Хятадын хилтэй холбож байгаа юм. “Уурхайн одоогийн хүчин чадал 50 сая тонн олборлох боломжтой ч хилийн боомтуудад тээвэрлэлтийн хүндрэлтэй байгаа учраас олборлолтоо жилдээ 30 сая тоннд барьдаг” талаар Тавантолгойд үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компанийн Уул уурхай, технологийн газрын захирал Ч.Алтанбагана онцолжээ. Төмөр зам 240 орчим км үргэлжилдэг бөгөөд Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл дөрвөн цаг л тээвэрлэдэг. Энэхүү хилийн боомт нь нүүрсний гол хэрэглэгч Хятадын томоохон хотуудтай ойртох боломжийг олгодог. Гэсэн хэдий ч хоёр талын хоорондох 36 метрийн (118 фут) өндрийн зөрүүг арилгахын тулд ачаа тээвэрлэх терминал, 7 км гүүр барих зэрэг хил дамнасан холболтын ажил үргэлжилж байгаа бөгөөд 2027 оны эцэс гэхэд дуусгах төлөвтэй байна.
Монголын төмөр замын сүлжээг өргөжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо чухал болох нь батлагдсан. Дэд бүтцийн төсөл, геологи хайгуул зэрэг уул уурхай, хүнд үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоодын “Gobi Mining and Transport Group” (GMT) компани Ханги боомттой төмөр зам барих ажлыг санаачлан эхлүүлсэн.
Төмөр замын шугам ашиглалтад орсноос хойш Тавантолгойн олборлолт, улмаар тус улсын нүүрсний нийт экспортын хэмжээ хоёр жил дараалан шинэ дээд амжилт тогтоов.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу