
Төрийн алба зарим нэг хүний дур зоргоороо авирлах талбар болсон. Ялангуяа Төрийн хэмнэлтийн хуулиар далимдуулагсад төрийн албанд олширч, олон хүний амьдрал, хувь заяагаар тоглох болсон талаарх гомдол Төрийн албаны зөвлөлд олноор иржээ. Тэдний нэг бол Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт өрнөөд буй үйл явдал юм.
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч хурандаа Т.Нарантуяа тус эмнэлэгт Эмчилгээ эрхэлсэн орлогчоор арав гаруй жил ажиллаад 2025 оны дөрөвдүгээр сард тэтгэвэртээ гарсан ч хэдэн сарын дараа буюу арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Түр орлон гүйцэтгэгчээр эргэн ирж, тэр даруйдаа бүтцийн өөрчлөлт, төрийн хэмнэлт нэрийдлээр олон арван хүнийг ажлаас нь чөлөөлж, хоморголон халж эхэлжээ.
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс гавьяаныхаа амралтад гарч, улсаас хүртэх тэтгэмжээ хүртэл авчихсан хүнийг эгүүлэн томилтлоо энэ салбар боловсон хүчингүй болсон хэрэг үү. Хууль зүй, дотоод хэргийн сайдын энэхүү томилгоо үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан 400 гаруй ажилтантай томоохон эмнэлгийн үйл ажиллагааг доголдуулж, хэзээ мөдгүй хөөгдөн гарахдаа тулсан ажиллагсад нь айдас түгшүүртэй өдөр хоногийг өнгөрүүлж байна.
Тус эмнэлгийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Нарантуяа нэг сарын хугацаанд 30 орчим албан хаагчийг халжээ. Үндэслэл нь, албан тушаалын тодорхойлолтод тавигдах тусгай шаардлагыг хангаагүй, удирдах албан тушаалын болон төрийн албаны нөөцөд бүртгэгдээгүй” гэх шалтгаанаар албан тушаалыг нь бууруулан “Энэ албан тушаалд ажиллавал ажилла, үгүй бол ажлаа өг” зэргээр шахаж чөлөөлөн оронд нь өөрийн хүнээ томилж байгаад эмнэлгийн албан хаагчид шүүмжлэлтэй хандаж байна.
Тухайлбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 23.7, 23.9 заасан арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй гэсэн заалтыг зөрчин Эмнэлзүй эрхэлсэн дэд захирлаар А.Туяа, Өдрийн эмчилгээний тасгийн эрхлэгчээр Очирчимэг нарыг томилон АТГ-аас хариу ирээгүй байхад тамга тэмдгийг нь гардуулан өгчээ.
Хамгийн гол нь тус эмнэлгийн удирдах албан тушаалтнууд халаа, сэлгээнд олноороо өртөж буй нь анхаарал татаж байна.
Үүнээс хурандаа Т.Нарантуяа түр орлон гүйцэтгэгч статустай албан тушаал дээрээ удаан тогтох, цаашлаад эмнэлгийн захирлаар томилогдох алсын хүсэл тээн өөрийн багаа бүрдүүлж байна уу гэх хардлага, сэрдлэгийг өөрийн эрхгүй төрүүлээд байна. Өвлийн дүн хүйтнээр, он солигдохын урьдхан олон хүнийг ажилгүй болгож, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааг доголдуулж, хамт олны уур амьсгалыг бусниулж буй Т.Нарантуяагийн энэхүү үйлдлийг томилсон сайд нь мэддэг болов уу. Эсвэл хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлж, бүтцийн өөрчлөлт хийх тохироог тэд анхнаасаа хийв үү, эс бөгөөс сайдын итгэл найдварт дөрөөлөн хурандаа Т.Нарантуяа ийнхүү дур зоргоороо аашилж байна уу. Ёс зүйд нийцэх үү. Энэ асуудлыг салбарын сайд болон холбогдох албан тушаалтнууд анхааралдаа авна биз ээ.




