Дубайгаас тусгай үүргийн нислэгээр 243 иргэнийг өнөөдөр эх оронд нь авчирна

Хуваалцах:
Дубайгаас тусгай үүргийн нислэгээр 243 иргэнийг өнөөдөр эх оронд нь авчирна
 
Иран улсад Израйль, АНУ хамтран цэргийн ажиллагаа явуулснаар Ойрхи Дорнодын бүс нутагт агаарын орон зайг хаах, олон улсын нислэгүүдийг хязгаарлаад байна. Үүссэн хурцадмал байдлын улмаас Ойрхи Дорнодын бүс нутагт жуулчилж явсан болон ажил эрхлэхээр очсон монгол иргэд эх орондоо ирэх хүсэлтийг тавьснаар холбогдох газрууд арга хэмжээ авснаар тусгай үүргийн нислэг илгээхээр болсон. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Ойрхи Дорнодын бүс нутгаас Монгол Улсын иргэдийг татан авах тусгай үүргийн нислэгийг өнөөдөр зохион байгуулна. Энэхүү нислэгийг үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК гүйцэтгэх бөгөөд Улаанбаатар–Дубай–Улаанбаатар чиглэлд үйлдэхээр төлөвлөжээ.

МИАТ компанийн мэдээлснээр, нислэгийн бэлтгэлээ бүрэн хангасан бөгөөд Boeing 767 загварын 252 суудалтай онгоц ашиглах аж. Нисэх багийн бүрэлдэхүүнд 20 хүн ажиллах ба зорчигчдын суудлын зохион байгуулалтаас шалтгаалан нэг удаагийн нислэгээр 243 хүртэл иргэнийг эх оронд нь авчрах боломжтой. Онгоц Улаанбаатараас гуравдугаар сарын 10-ны 07:40 цагт хөөрч, Дубайн Al Maktoum International Airport (DWC) олон улсын нисэх буудалд газардсаны дараа Монгол Улсын иргэдийг авч Улаанбаатар руу буцах аж.

Ташрамд, Ойрхи Дорнодын бүс нутагт Монгол Улсын 469 иргэн байгаагаас 321 нь тухайн орнуудад байнга оршин сууж, 148 нь түр хугацаагаар зорчиж буй иргэд аж. Түр зорчиж буй 148 иргэн бүгд буцах хүсэлтээ гаргасан бол байнга оршин суудаг иргэдээс 20 хүн мөн эх орондоо буцах хүсэлт илэрхийлжээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх