
Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон УИХ-ын гэх хоёр томоохон сонгууль угтсан улс төр хэдийнэ эхэлсэн. Улс төрийн намууд дотооддоо хөлөө жийлцэн Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулах гэж үймэж байна. ИЗНН гэхэд л намын даргаа намаасаа “хөөж”, гэтэл өнөөх нь би намаасаа Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөхөөр болсон хэмээн мэдэгдэж, бусдын элэг доог болж, ИЗНН дотор өрнөөд буй хагарал, үл ойлголцол ийнхүү намаа бутаргахад хүргээд байна.
МАН, АН гэх улс төрийн хоёр том хүчин ханцуйндаа нэр дэвшигчдээ тодруулж, марафон өрнүүлээд байгаа бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэснийхээ төлөө хэлмэгдээд эхэллээ гэх дүрүүд ч эхнээсээ тодорсон. “Хөгжлийн банк”-ны гэх хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг анхан шатны шүүхээс гурван ч удаа цагаатгасан ч прокурорын эсэргүүцлээр хэргийг нь дахин хэлэлцсэнээр цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн юм. Энэ талаар Н.Алтанхуяг “Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэний дараахан ийм үйл явдал боллоо. Ялах магадлалтай учраас нухчин дарах гэж оролдож байна” хэмээн мэдэгдсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль угтсан улс төр ийнхүү өрнөж эхэлсэн ч сонгуулийн гол байгууллага болох Сонгуулийн ерөнхий хороо даргагүй гурван сар болж байна. Тодруулбал, намрын чуулганыг хаахаас өмнө СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж, удалгүй түүнийг Гаалийн ерөнхий газрын даргаар томилсон.
Хуульд УИХ-ын дарга Сонгуулийн ерөнхий хорооны даргыг санал болгон томилуулна гэж заасан байдаг. П.Дэлгэрнарангийн хувьд 2020 оны наймдугаар сард СЕХ-ны даргаар томилогдож байв. Энэ дагуу тэрбээр 2021 оны Ерөнхийлөгчийн болон 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийг амжилттай зохион байгуулсан гэдгээр Гаалийн ерөнхий газрын даргаар “дэвшүүлэн” томилсон гэдгийг улс төрийн хүрээнийхэн хэлж буй.
Харин өдгөө 2027 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн, 2028 оны УИХ-ын гэх хоёр томоохон сонгуулийн өмнө Сонгуулийн төв байгууллагын даргын томилгоо нэн чухал. Энэхүү чухал сэнтийд МАН өөрийн итгэлт хүнээ томилох нь гарцаагүй. Гэвч хэн гэгч эрхэм МАН-ын илгээлт өвөрлөн Сонгуулийн ерөнхий хорооны даргаар томилогдох вэ гэдэг нь яалт ч үгүй анхаарал татсан асуудал болоод байна.




