
УИХ энэ долоо хоногт Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эдэлбэр газар болон тэдгээрт байрлах үл хөдлөх хөрөнгийн эрхийг ОХУ-ын нэр дээр шинэчлэн бүртгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэнэ.
Энэ хүрээнд Улаанбаатар, Чойбалсан, Эрдэнэт хотод байрлах зарим үл хөдлөх хөрөнгийг ОХУ-ын нэр дээр шинэчлэн бүртгүүлэх шаардлагатай гэж үзсэн байна. Тиймээс Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эдэлбэр газар болон тэдгээрт байрлах үл хөдлөх хөрөнгийн эрхийг ОХУ-ын нэр дээр шинэчлэн бүртгэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг боловсруулж Засгийн газраас энэ сарын 20-нд УИХ-д өргөн барьжээ.
Хэлэлцээрийн төсөлд дараах үл хөдлөх хөрөнгийг ОХУ-ын нэр дээр шинэчлэн бүртгэхээр тусгажээ. Мөн тухайн үл хөдлөх хөрөнгүүд байршиж буй газруудыг ОХУ-д 99 жилийн хугацаатай ашиглуулахаар хэлэлцээрийн төсөлд заасан байна. Тухайлбал,
1. Сүхбаатар дүүрэгт байрлах Аэрофлотын барилга, эдэлбэр газрыг ашиглах эрх
2. Дорнод аймгийн Хэрлэн сумын төвд байрлах Захиргаа аж ахуйн барилгын цогцолбор, эдэлбэр газрыг ашиглах эрх,
3. Орхон аймгийн төвд байрлах албан контор, орон сууц, аж ахуйн барилгын цогцолбор, эдэлбэр газрыг ашиглах эрх,
4. Баянгол дүүрэгт байрлах орон сууцны 56 байр (Нийтийн орон сууцны доторх),
5. Баянзүрх дүүрэгт байрлах Худалдааны төлөөлөгчийн газрын барилга байгууламжийн цогцолбор, эдэлбэр газрыг ашиглах эрх,
6. Баянзүрх дүүрэгт байрлах Сүмийн барилга, спорт заал, гражийн цогцолбор, эдэлбэр газрыг ашиглах эрх,
7. Плехановын нэрэмжит сургуулийн барилгын цогцолбор, эдэлбэр газрыг ашиглах эрх.
Жагсаалтад байгаа эдэлбэр газрын болон үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг Газрын харилцаа, геодези зураг зүйн еренхий газар, нийслэл, аймгийн газрын алба, Улсын бүртгэлийн еренхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн мэдээлэлтэй тулган нягталж, эзэмшил, өмчлөлийн маргаангүй болохыг тогтоожээ. ОХУ-ын өмчийн үл хөдлөх хөрөнгөд хамаарах газрыг үнэ төлбөргүй, хугацаагүй олгосон байсныг өөрчилж, газар ашиглах эрхийг 99 жилийн хугацаатай олгож, зохих татварыг төлүүлэхээр хэлэлцээрийн төсөлд тусгасан байна.




