М.Мандхай: ХХОАТ-ыг нэг хувь болгох хуулийн төсөл өндөр орлоготой иргэд их ашиг хүртэх зохицуулалттай тул дэмжээгүй

Хуваалцах:
М.Мандхай: ХХОАТ-ыг нэг хувь болгох хуулийн төсөл өндөр орлоготой иргэд их ашиг хүртэх зохицуулалттай тул дэмжээгүй
УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн санаачилсан Хувь хүний орлогын албан татварыг нэг хувь болгох тухай хуулийн төслийг УИХ өнөөдөр хэлэлцсэн юм. Энэ талаар УИХ-ын гишүүн М.Мандхай "Миний бие дэмжсэнгүй.Иргэдийн татварын дарамтыг бууруулах шаардлага бодитой байгаа гэдэгтэй би санал нийлдэг. Гэвч энэ хуулийн төсөл нь бага, дунд орлоготой иргэдийг чиглэсэн зорилтот дэмжлэг гэхээсээ илүүтэйгээр бүх төрлийн орлогыг ялгаагүй нэг хувийн татварт шилжүүлэх замаар хөрөнгийн болон өндөр орлоготой хэсэгт хамгийн их ашиг хүртээх зохицуулалт болжээ.
Өөрөөр хэлбэл цалин, хөдөлмөрийн хөлсний орлогоос гадна үл хөдлөх хөрөнгө түрээслүүлсний орлого, хөрөнгө борлуулж олсон орлого, үнэт цаасны арилжаа, ногдол ашиг, хүүгийн орлого, хонжвор зэрэг бүх төрлийн орлогыг хавтгайруулан нэг хувиар татварлах санал оруулж ирсэн байна.
Бага орлоготой иргэнд хэдэн төгрөгийн дэмжлэг очих вэ гэдгээс илүүтэй олон үл хөдлөх хөрөнгөтэй, их хэмжээний хөрөнгийн орлоготой хүмүүс хэдэн зуун сая төгрөгийн татварын хөнгөлөлт эдлэх вэ гэсэн асуулт энэ төслийн цаана үлдэж байна.
Монголчууд “нуухыг нь авах гээд нүдээ сохлов” гэдэг. Татварын дарамтыг бууруулах нэрийн дор татварын шударга тогтолцоог эвдэж, орон нутгийн төсвийн үндсэн орлогыг эрсдэлд оруулж, өндөр орлоготой хэсэгт давуу байдал бий болгох үр дагаврыг хэрхэн шийдэх талаар тодорхой хариулт, бодит тооцоо энэ төсөлд байсангүй.
Тиймээс иргэдийн амьдралыг дэмжих бодлогыг дэмжинэ. Харин баялаг бүтээгч, хөдөлмөр эрхлэгчдээ дэмжих нэрээр хөрөнгө ихтэй, орлого өндөртэй хэсгийн татварын хариуцлагыг сулруулсан ийм хуулийн төслийг дэмжих боломжгүй гэж үзлээ" гэв.

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх