
ОБЕГ-аас Төв аймгийн Заамар сумын нутагт байрлах уурхайн цооногт унаж амиа алдсан гурван настай хүүхдийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө. ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням "Унасан хүүхдийг могойн нүд камераар үзэхэд хариу үйлдэл ирүүлээгүй ч амьсгалын шуум сонсогдож байсан учраас уураглах арга хэрэглэж аврах ажиллагааг эхлүүлсэн. Үүрч явсан цүнх нь зүүн гарт нь тогтчихсон байсан учраас уураглах аргаар татахад цүнх нь гарч ирсэн. Улмаар охины зүүн гарыг уураглаж татах гэсэн боловч хөшөөд болохгүй байсан. Хүүхэд 30 метрийн гүнд унасан энэ нь арван давхар байшинтай тэнцэнэ гэсэн үг. Тиймээс дээрээс татах аргагүй болсон тул шатлан малталтын арга ашигласан.
Аврах ажиллагааны хүрээнд цооногийн орчимд 70 метр урт, 45 метр өргөн, 32 метр гүнтэй талбайг гурван дамжлагатай налуу ам гарган шатлан ухаж, тавдугаар сарын 28-ны өдрийн 22:00 цагаас хөндлөн малталтын ажлыг эхлүүлсэн байна. Аврагчид нэг метр өндөр, 80 см өргөн, 11.8 метр урт хөндлөн малталт хийж, хүүхэд байсан цэгт хүрсэн. Алба хаагчид очиж хүүхдийг гаргахад хагас хэвтээ байдалтай, зүүн гараа дээрээ, баруун гар нь доор орж мөр толгойн нь шороо руу орсон байрлалтай дээш нь татаж гаргах ямар ч боломжгүй байсан. Хүүхэд унаснаас хойш 59 цаг 46 минут, аврах ажиллагааг эхлүүлснээс хойш 55 цаг 19 минутын дараа гарган авч, холбогдох байгууллагад шилжүүлсэн.
Тавдугаар сарын 28-ны үүрийн дөрвөн цагийн орчимд амьсгалах чимээ сонсогдохоо больж, хөдөлгөөн мэдрэгдэхээ больсон аж. Яг хэзээ нас барсныг мэргэжлийн байгууллага тогтооно" гэлээ.




