
Ерөнхий сайд Н.Учрал хамаарал бүхий сургуульдаа тоног төхөөрөмж авах 3,5 тэрбумыг төсвийн тодотголд суулгасан нь баримтаар илэрч сөрөг хүчин АН түүнийг шалгуулахаар АТГ-т хандсан юм. Ерөнхий сайд үүнийг эрс үгүйсгэж байгаа ч баримт бүхнийг хэлээд өгсөн. Унах нүхээ өөрөө ухчихлаа, огцор гэх акц өрнөж, суудал нь дэнжигнэсэн билээ. Үүнтэй зэрэгцэн удган эмэгтэйн гэрт цагдаагийн дэд хурандаа очин Хууль зүйн сайдын нэрийг барин дарамталж буй бичлэг сошиалд ил болж, нийгэмд дуулиан тарьсан. Харин энэ талаар Ерөнхий сайд чимээгүй байсан ч энэ амралтын өдрүүдэд "Цагдаагийн дэд хурандаа энгийн иргэний гэрт очиж, Хууль зүйн сайдын нэрийн өмнөөс хэрэг наймаалцан дарамталж байгаа бичлэг үзлээ. Ийм улайм цайм хэргийг нүдээ аниад өнгөрөөж чадахгүй" цахим хаягаараа мэдэгдчихлээ. Тиймээс ирэх долоо хоногт улс төр Хууль зүйн сайд С.Амарсайхантай холбоотой асуудлаар үргэлжилж, Ерөнхий сайд галыг өөрөөсөө зайлуулахын тулд танхимын нэг сайдаараа туг тахих нь тодорхой болчихлоо.




