
Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Г.Тэмүүлэнг танилцуулах УИХ-ын чуулганы ирцийг 12:00 цагаас хойш бүрдүүлсэн ч ирц хүрсэнгүй. 17:30 цагт УИХ-ын дарга С.Бямбацогт чуулганы хуралдааныг ирэх долоо хоногийн даваа гараг хүртэл хойшлуулж байгааг мэдэгдсэн юм. Тэрбээр “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 14:00 цагт эхлэх ёстой. Одоогийн байдлаар 126 гишүүнээс 52 гишүүн буюу 41.3 хувийн ирцтэй байна. Ажлын цаг дуусаж байгаа учраас өнөөдрийн чуулганыг ирц хүрээгүй шалтгаанаар хойшлуулж байна. Нийт 49 гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирсэнгүй. Аль нэг бүлэглэл, нам гэж улстөржмөөргүй байна. МАН-ын 68 гишүүнээс 44 гишүүн ирцэндээ орсон. Эмнэлгийн чөлөөтэй хоёр, томилолттой найм, чуулганы хуралдаан тасалсан Д.Амарбаясгалан, Х.Болормаа, Б.Тулга, С.Лүндэг, Л.Оюун-Эрдэнэ, М.Ганхүлэг, Ж.Ганбаатар, О.Батнайрамдал, Н.Алтаншагай, С.Амарсайхан, А.Ариунзаяа, М.Энхцэцэг, О.Саранчулуун, Ц.Идэрбат. Үндэсний эвсэлийн дөрвөн гишүүн ирээгүй.
АН-ын бүлгийн 42 гишүүнээс Д.Ганбатаас бусад нь орж ирсэнгүй. Эмнэлгийн чөлөөтэй болон томилолттой гишүүдээс гадна 27 гишүүн тасалсан. Ирц хүрээгүй учраас даргын дэргэдэх зөвлөл цахимаар хуралдаж даваа, мягмар гарагт чуулганы хуралдааныг хойшлууллаа” гэв. Хууль зүй дотоод хэргийн сайдыг ирэх даваа, мягмар гарагийн чуулганы хуралдаанаар томилж, тангараг өргүүлэхээр боллоо.
Чуулганы ирцийг бүрдүүлэн, шинэ сайдаа УИХ-д танилцуулж чадах эсэх нь МАН-ын хагарал ямар түвшинд хүрснийг илтгэнэ. Ерөнхий сайд Н.Учрал ирцээ бүрдүүлж, Засгийн газрын шинэ гишүүнээ УИХ-д танилцуулж чадахгүй байгаа энэ байдлаас харахад цаашдаа 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн хуулиа УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж чадахгүйд хүрэх юм биш үү гэсэн эргэлзээг төрүүлж байна.




