Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцоно. Энэ жилийн чуулган болон Ерөнхий санал шүүмжлэлийг “Итгэлцлийг сэргээн тогтоож, шилжилтийг удирдан чиглүүлж, бүгдэд хүртээмжтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагыг цогцлоох нь” сэдвээр зохион байгуулна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх ба НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон зарим улсын төрийн тэргүүнтэй уулзахаар төлөвлөж байна. Мөн АНУ-ын төвийн бүсэд амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй Чикаго хотноо уулзана.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд 133 улсын төр, засгийн тэргүүн оролцохоо мэдэгдээд байгаа бол манай улс 65 жилийн өмнө буюу 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт 101 дэх гишүүнээр элссэн түүхтэй. Өнгөрсөн хугацаанд НҮБ-тай олон чиглэлээр, түүний дотор бүс нутаг, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох зэргээр идэвхтэй хамтран ажилладаг.





























































































