Хуурайшилтын үед ой, хээрийн түймрээс сэрэмжлэхийг сануулав

Хуваалцах:
Хуурайшилтын үед ой, хээрийн түймрээс сэрэмжлэхийг сануулав

Нийслэлийн хэмжээнд он гарсаар ой, хээрийн түймрийн дөрвөн удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Тухайлбал, энэ сарын 16-ны 13:15 цагт Баянзүрх дүүргийн XI хороо, Богдхан уулын Төр хурахын ам, “Их Халзангийн-Энгэр” гэх газарт түймэр гарсан тухай дуудлага ирүүлжээ.

Дуудлагын дагуу нийслэл болон дүүргүүдийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд ажиллаж, нийт 66 алба хаагч түймрийг унтраасан байна.

Иймд хуурайшилт ихтэй, түймрийн эрсдэлтэй энэ үед иргэдийг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг Онцгой байдлын байгууллагаас санууллаа.

Иргэд дараах зүйлсийг анхаарна уу:

  • Ой, хээрт зорчихдоо асаасан гал, шүдэнз, тамхины иш, цог болон түүдэг галыг бүрэн унтраах;
  • Халуун үнс, нурмыг зориулалтын таглаатай сав, нүхэнд хийх;
  • Гэр, сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас гаргах;
  • Хог, өвсийг ил задгай шатаахгүй байх;
  • Арц, хүж, зул зэрэг шашны зан үйлд ашигласан зүйлсийг асаасан чигээр нь орхихгүй байх;
  • Хог хаягдал зөөж тээвэрлэх, хаяхдаа галын аюулгүй байдлыг хангах.

Иргэн бүр хариуцлагатай байж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх