Тодруулбал, Л.Энх-Амгалан сайдыг 30-ийн тал огцруулахыг шаардаж, Ерөнхий сайд гэдийж, харин Л.Энх-Амгалан сайд яамнаас нь алга болсон эксел файлын учрыг олж шалгасны дараа шаардлагатай бол уучлал гуйна гэдгээ илэрхийлээд байгаа юм. Ийнхүү 30-ийн тал Ерөнхий сайдтай уулзаж учраа олох бус эсрэгээрээ зөрчил нь улам гүнзгийрчээ.
МАН-ынхны зөрчил цаашид ч үргэлжлэх бололтой. 30/38-аараа хуваагдчихсан тэд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Г.Тэмүүлэнг томилоход ирцээ бүрдүүлье гэдэгт нэг тохиролцсон. Ингэхдээ 2026 оны төсвийн тодотгол болон бусад асуудал хэлэлцэхгүй зөвхөн Г.Тэмүүлэнг тангараг өргүүлснээр чуулганыг хаасан. Харин МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр 30-ийн талтай уулзаж, талууд асуудлаа ярилцсан юм. Энэ үеэр УИХ-ын чуулган, байнгын хорооны ирцээ бүрдүүлээд, төсвийн тодотголоо батлаад цаашаа явах эсэх зэрэг хэд хэдэн асуудлыг ярилцсан бөгөөд 30-ын талаас Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланг огцруулах шаардлагыг тавьсан бол Н.Учралын талаас Л.Энх-Амгаланг огцруулахгүй гэсэн байр сууриа хатуу илэрхийлсэн байна.
























































































