
АН-ын 4/11 мэдээллийн цагаар эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээг 2022 онд цуцалсан байхад шүүхийн практикт үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах санал гаргаж байгаагаа танилцуулав.
Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин "Монгол Улс хууль дээдлэхийг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болгодог. Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн нэгдэх хэсэгт шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана гэж заасан.
Аль ч хуулиар эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэх эрх хэмжээ олгоогүй байхад олон зуун хэргийг, зарим хэргийг дахин дахин буцаасаар байгаа нь Монгол Улсад эрх зүйт төрийн суурь зарчим алдагдаж байгааг илтгэж байна. Үүний бодит жишээ нь, Хөгжлийн Банкны гэх эрүүгийн хэрэг. Энэ хэрэг 2022 оны сүүлээр шүүхэд шилжүүлснээс хойш шүүхийн шат дамжлагад хэлэлцэгдэж дөрөв дэх жилдээ эцэслэн шийдвэрлээгүй байгаа.
Хуулиар хүчингүй болгосон эрх хэмжээг шүүхийн практикаар үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хууль тогтоох, хуульд захирагдах Үндсэн хуулийн эрх мэдэл хуваарилах суурь зарчим ноцтойгоор алдагдаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ УИХ дахь АН-ын Бүлэг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Иймд эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээг хуулиар хүчингүй болгосон байхад үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа асуудлаар 2022 онд баталсан хуулийн хэрэгжилт, үр нөлөөг дүгнэх Ерөнхий хяналтын сонсголыг нэн даруй зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байна" гэлээ.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Хүний шүүхээр шийдүүлэх гэж байгаа асуудал эргэж буцсаар найм, арван жил явдаг болсон. Хугацааг хэмжихгүй болж байна. Шударгаар шүүлгэх гэдэг агуулгыг эвдсэн. Шүүх өөрөө шүүх байж чадахаа байсан.
Шүүхээс хэрэг маргааныг буцаадаг нь шүүх аль эрт шүүх биш, яллагч болж хувирсны шинж. Төвийг сахиж, нотлох баримтад тулгуурлаж, мэтгэлцээнд үндэслэн үйл баримтыг нотлох биш, өөрөө урьдчилаад итгэл үнэмшилтэй болоод түүнийгээ нотлохын тулд "та нар үүнийг гүйцээгээд ирээч" гэж тулгадаг болсныг шүүгч биш яллагч гэж хэлдэг.
Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлд "Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана" гэж заасан. Гэтэл захирагдах ёстой хуулиа өөрсдөө тогтоодог болсон шиг байна" гэв.




