Цахим сүлжээ болон хүмүүсийн амнаас ам дамжин тарсан мэдээлэл бол улаан мөнгөн усыг хятад улсын иргэд өндөр үнээр авч байна. Тэрхүү ус нь 1950-иад оны ОХУ-д үйлдвэрлэгдсэн зил хөргөгч, индүү, хүндийн жингийн туухай, дөш гэх зүйлүүдэд байдаг гэсэн мэдээлийн дагуу иргэд индүү, хөргөгчөө өндөр үнээр зарахыг оролдох болсон. Ингэснээр зарим иргэд залилуулан хохирсон хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.
Иргэд: Цахим сүлжээнд тархсан “Улаан мөнгөн ус өндөр үнээр авна” гэсэн зарыг удаа дараа харж байсан. Хөргөгч, индүүд мөнгөн ембүү байдаг гээд яригддаг. Гэхдээ мөнгөн ус гэдэг зүйл хүний биед маш хортой гэдгийг хэлж байлаа.
Харин ЦЕГ-аас мэдээлж буйгаар “улаан мөнгөн ус гэж байдаггүй. Түүнчлэн өөрсдийн эд хогшилоо өндөр үнээр зарах гэсэн зарим иргэдийн явуургүй бодол юм. Тийм болохоор иргэд итгэж, хохирохгүй байхыг” сануулж байна.
Мөнгөн усны хор нөлөө
Мөнгөн ус нь агаарт 0.25 мг/мЗ гэсэн хэмжээтэй байх үед уушгинд хуримтлагдаж эхэлдэг бол үүнээс илүү гараад ирэх үед хүний арьсаар дамжин биед шингэж эхэлдэг.
Амьсгалын замаар мөнгөн усанд хордсон үед шинж тэмдэг нь 8-24 цагийн дараа илэрнэ. Бие сульдаж, толгой өвдөх, залгихад хөндүүрлэх, халуурах, ринит, фарингит, цөөн тохиолдолд бронхит илэрнэ. Үүний дараанаас, хоолны дуршил үгүй болно, аманд төмөр амтагдана, шүлс асгарна, буйл хавдаж цус шүүрнэ, толгой өвдөнө, бөөлжүүлнэ. Буйл өвчин орно, амны хөндийд үрэвсэлт өөрчлөлт гарна, гэдсээр өвдүүлж, ходоод хямарч, бөөр гэмтсэн шинж тэмдэг илэрнэ. Хүүхдэд мөнгөн усны уураар амьсгалсанаас хэдхэн цагийн дараанаас эхлэн ханиалгах, амьсгал давчдах, царай хөхрөх, огцом халуурах зэргээр хурц хатгаа үүсч болно. Хүнд хордлогын үед уушигны хаван үүсч болзошгүй. Үүнтэй зэрэгцэн ойр ойрхон шингэнээр гүйлгэх гэх зэргээр ходоод гэдэсний зам гэмтэсний шинж тэмдэгээс гадна хэт хөөрлийн байдалд үе үе орохтой зэрэгцэн нойрмоглох зэрэг төв мэдрэлийн систем гэмтэсний шинж тэмдэг илэрч болно. Цочмог хордлогын шинжүүд хэдэн цагийн дотор илэрдэг ба чичрэх, төмөр амтагдах, ам өвдөх, буйл хавдаж хөөх, дотор муухайрах, бөөлжих, гэдсээр хатгуулах, суулгах, толгой өвдөх, бие сулрах, ухаан алдах, амьсгаадах, ханиах, цээжээр хатгуулах мөн цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл, хатгаа, бөөрний үрэвслийн шинжүүд илэрнэ.
Яваандаа сэтгэл хөдлөлийн үед хурууны үзүүр улам бүр хүчтэй чичирдэг болно. Ингэхдээ эхлээд гарын хуруу чичирдэг байснаа, хөлийн хуруу чичирдэг болж цаашлаад уруул, зовхи таталддаг болно. Цаашлаад, гэдэс эвгүйрэн хүндээр бие засуулах гэх, ойр ойрхон шээс хүрэх, үнэрлэх чадвар буурах, арьсны мэдрэх чадвар сулрах, амт мэдрэх чадвар буурна. Хамгийн аюултай нь үргүйдэлд хүргэх магадлал өндөртэй байдаг юм.
Мөнгөн усаар бизнес хийвэл тав хүртлэх жилийн хорих ялаар шийтгүүлнэ
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 200.2-т зааснаар Мансууруулахаас бусад хүчтэй үйлчлэх болон хорт бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан бол... хоёроос дээш таван жил
хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсний дагуу энэ төрлийн залилангийн хэрэг үйлдсэн этгүүдэд ял оноох ажээ.
Мөн МУ-ын байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, Эрүүл мэнд, спортын сайдын тушаалаар мөнгөн усыг химийн хорт болон аюултай байдлын ангилалд хамруулсан байдаг. Гэтэл сүүлийн үед мөнгөн усыг тээвэрлэх, борлуулах төрлийн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад олон бүртгэгдэх болжээ. Ийн учир иргэд өөрсдийгөө болзошгүй хохирлоос сэргийлэх нь чухал юм. Хэрэв энэ төрлийн гэмт хэрэгтэй холбогдвол Эрүүгийн хуулийн 200.2-т зааснаар ял шийтгүүлнэ гэдгийг мэдэж байх нь өөрийгөө гэмт хэрэгт өртөх, үйлдэхээс хамгаалж байгаа юм.

Т.Сайхан