Гэртээ хоноогүйгээсээ айсандаа амиа хорложээ

Хуваалцах:
Гэртээ хоноогүйгээсээ айсандаа амиа хорложээ
Эрдэнэт хотод өсвөр насны хоёр охин олны нүдэн дээр гэгээн цагаан өдөр амиа хорлох үйлдэл гаргаж өсвөр насныханд буруу дуурайл үзүүллээ. Энэ сарын 16-ны өдөр буюу өнгөрсөн лхагва гаригт болсон уг асуудлыг орон нутгийн цагдаагийн байгууллагаас шалгах ажиллагаа үргэлжилсээр байна. Охидыг байшингаас үсэрмэгц онцгой байдлын алба хаагчид аврах ажиллагаа явуулснаар яаралтай тусламж үзүүлж Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт хагалгаанд оруулжээ. Гэвч охидын нэг нь эмчилгээ авч чадалгүй тэр өдрөө өнгөрсөн бол амьд үлдсэн охинд хагалгаа хийсэн ч ухаан орохгүй хоёр хоноод энэ сарын 18-нд нас барлаа. Охидын амиа хорлох болсон шалтгааныг гэр бүлийн таарамжгүй харилцаанаас үүссэн болохыг тогтоогоод байна. Талийгаач охид 14-15 настай үеэлүүд бөгөөд нэг сургуульд суралцдаг байжээ. Охид гадуур хоносны дараа гэртээ орж чадалгүй айсандаа амиа хорлох шийдвэрийг гаргасан аж. Нэг нь эцэггүй, харин нөгөө нь эхгүй өссөн нь гэр бүлийн маргааныг дугаалдаг байж. Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүдийн дунд сэтгэлзүйн хатгүй болсон нь амиа хорлолтыг дагуулах үндсэн шалтгаан болж байгааг мэргэжлийн судлаачид сануулсаар байна. Эцэг эх нь өсвөр насны хүүхэддээ  цаг зав гаргаж, хүүхдээ сонсох өөрт тулгарч байгаа асуудлыг хамтдаа шийдэх, түүнчлэн аливаа зүйлд загнаж, зодож дарамтлахаасаа өмнө ярилцаж ойлголцож байхыг сэтгэл зүйчид зөвлөж байна. Мөн хэт эмзэг, мэдрэмтгий өсвөр насы хүүхдүүд хоорондоо ярилцаж амьдрал утгагүй байна. Үхэх үү үхье. Би чиний найз юм чинь чамайг ганцаардуулахгүй гэх мэтээр бие биеэ уруу татаж болчимгүй алхам хийх нь олон сөрөг нөлөөтэйг ойлгох хэрэгтэй. Өөрсдийн хийсэн энэхүү үйлдлийн дараа тухайн нутаг дэвсгэр, сургууль, эцэг эх, ах дүү найз нөхдийнх нь нэр хүндийн асуудал яригдаж амиа хорлох ухаангүй алхмын давхар золиос болж байна. Зүүний үзүүр дээр будаа тогтохтой адил хүн болж төрнө гэдэг асар их аз юм. Тиймээс ганц заяах хүний эрдэнэт амиа хайрлаж явах хэрэгтэйг сэтгэл зүйчид өсвөр насынханд хандаж зөвлөж байна. Т.Цолмонсайхан

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих