Насанд хүрээгүй хүүхдүүд мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэх тохиолдол нэмэгдсээр байна. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллага хяналт, шалгалтаа сайжруулжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд мансууруулах бодистой холбоотой хэд хэдэн гэмт хэргийг цагдаагийн байгууллага илрүүлсэн байна.
Тодруулбал, 14 настай эрэгтэй газ үнэрлээд татаж уналаа гэсэн дуудлага есдүгээр сарын 2-нд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст ирсэн байна. Дуудлагын дагуу шалгахад Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд оршин суух 14 настай “Ө ” гэгч нь ахуйн хэрэглээний газ үнэртэж байгаад ил харагдах гэмтэл шархгүй нас баржээ. Эд мөрийн баримтаар БНХАУ-д үйлдвэрлэсэн ахуйн хэрэглээний газыг хэргийн газраас хураан авсан байна.
Мөн есдүгээр сарын 3-ны өдөр “Баянзүрх дүүргийн 23-р хороо Улиастайн гахайн байрны замын хажууд хүн нас барсан байна ” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Хэргийг шалгахад 13 настай эрэгтэй “Ж ” гэгч нь ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байна. Хэргийн газраас эд мөрийн баримтаар гялгар уут нэг ширхэг, ахуйн хэрэглээний хийн газ хураан авчээ. Тус хэргийн шалгалт үргэлжилж байгаа гэнэ.
Түүнчлэн есдүгээр 3-ны шөнө эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлалтай орон сууцны байрны гадна авто машинд тамхи татаж байсан залуусыг шалгасан байна. Шалгалтаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух 22 настай эрэгтэй “З ”, Чингэлтэй дүүргийн 18-р хороонд оршин суух 17 настай “О ”, 20 настай “Э ” нар Тоёото приус 20 маркийн автомашинд мансууруулах бодис хэрэглэж байсныг илрүүлсэн байна. Эд мөрийн баримтаар Улаан өнгийн ахуйн хэрэглээний газ 2 ширхэг, 500 граммын хуванцар савтай нунтаг нойтон өвс 2 ширхэг, 200 граммын савтай хуурай өвс 2 ширхэгийг тус тус хураан авчээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж байна.
Хичээл, сургуулийн улирал эхэлсэнтэй холбоотой оюутан, залуус ЕБС-ын сурагч, анги хамт олон найз, нөхдөөрөө нийлж даривах улмаар нэг нэгэндээ татагдан гэмт хэрэгт холбогдох тохиолдол нэмэгдэж байгаа учир эцэг, эхчүүдийг хүүхэддээ тавих хараа, хяналтаа сайжруулах хэрэгтэй гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ё.Лхагвасүрэн “Насанд хүрсэн хүнд газ худалдаалахыг зөвшөөрсөн байгаа. Хэрэв насанд хүрээгүй хүүхдүүдэд ахуйн хэрэглээний газ худалдсан иохиолдолд тухайн аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авдаг. Хүүхдүүд чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байгааг эцэг, эхчүүд сайтар хянах зайлшгүй шаардлага байна гэдгийг цагдаагийн байгууллагаас онцгойлон сэрэмжлүүлж байна ” гэлээ.
Г.Мягмарсүх